Туркт амралтын өдрүүдээр хэсэгчлэн хөл хорино
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган шинэ коронавирусний цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд тус улсад амралтын өдрүүдээр хэсэгчлэн хөл хорих цаг тогтоож байгааг мэдэгджээ.
“Бид шинэ арга хэмжээ авахаар шийдлээ. Амралтын өдрүүдэд 20:00-10:00 цагийн хооронд хөл хорино” гэж Туркийн Ерөнхийлөгч Засгийн газрынхаа хуралдааны дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Үүнээс гадна, Туркийн эрх баригчид бүх кинотеатрыг энэ оны эцэс хүртэл хаах шийдвэр гаргажээ. Коронавирустэй тэмцэх ажлын хүрээнд мөн кафе, зоогийн газруудад зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрч, сургуулиудын сургалтыг оны эцэс хүртэл онлайн хэлбэрт шилжүүлэхээр болжээ. Худалдааны төв, дэлгүүр, үсчний газруудын үйл ажиллагааг 10:00 цагаас 20:00 цаг хүртэл хязгаарласан байна.
Туркийн эрх баригчид урьд нь амралтын өдрүүдээр хөл хорих цаг тогтоож байсан юм. Энэ арга хэмжээ нь коронавирусний тархалтыг хяналтдаа авах боломжийг олгосон гэж тус улсын эрх баригчид мэдэгджээ.
Туркт коронавирусний халдварын анхны тохиолдол Европоос буцаж ирсэн тус улсын иргэнээс гуравдугаар сарын 10-нд илэрчээ. Одоогийн байдлаар Туркт 418 мянга гаруй хүн халдвар авч, 11601 хүн нас барсан бол 356 мянга гаруй өвчтөн эдгэрсэн байна.