Архи, согтууруулах ундаа худалдсан дэлгүүрүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжийг зөрчиж, архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан хоёр дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг Зөрчлийн тухай хуулийн дагуу хүчингүй болголоо.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын А/501 дүгээр захирамжаар 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 хүртэл хугацаанд архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэр гарсан. Гэтэл Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулдаг “Бумбатнаран”, “Нартдэлгэрэх” хүнсний дэлгүүрүүд иргэдэд архи согтууруулах ундаа худалдан борлуулсан зөрчил гаргажээ.
Хэрэв архи, согтууруулах ундааг хууль зөрчин худалдан борлуулсан, үйлчилсэн мөн гар дээрээс хууль бусаар зарж борлуулсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг анхааруулж байна.