Сэжигтэй бүсээс ирсэн иргэдийн тандалт судалгааг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-11-17 15:18:28

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас сэжигтэй бүс буюу Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас ирсэн иргэдийн тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна.

11 дүгээр сарын 13-нд Сэлэнгэ аймгаас Арвайхээр суманд 9 иргэн ирснийг тусгаарлан ажиглах байранд оруулж, нарийвчилсан шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээний хариу өчигдөр сөрөг гарчээ. Улаанбаатар хотоос Богд суманд хөл хорионы дэглэм зарлахаас өмнө ирсэн нэг иргэн өндөр халуурч байна гэх дуудлагын дагуу энэ сарын 15-ны өдөр аймгийн ЭМГ-аас хариу арга хэмжээ авах баг яаралтай очиж, биеийн байдлыг үнэлэн ХӨСҮТ рүү PCR буюу нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр сорьцыг илгээжээ. Эхний шинжилгээгээр хариу сөрөг гарсан байна. Мөн Сэлэнгэ аймгаас Есөнзүйл суманд ирсэн зургаан хүнд шинжилгээ хийхэд хариу сөрөг гарчээ.

“ЭМЯ-наас мянган ширхэг түргэвчилсэн оношлуурыг захиалан авч, сэжигтэй тохиолдлыг анхан шатанд оношлох боломж бүрдэж байна. Хэрэв шинжилгээ эерэг гарвал ХӨСҮТ рүү нарийвчилсан шинжилгээ хийнэ” хэмээн ЭМГ-ын дарга Д.Шивааннүрдэв хэллээ.

 

相关新闻