Авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгийн ачаалал их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Гамшгаас
хамгаалах бүх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш хоёр хоногийн
хугацаанд Өвөрхангай аймгийн авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгээр 2354
тээврийн хэрэгсэл, 5966 хүн нэвтэрчээ.
Тодруулбал, албан томилолтоор 171,
эмнэлгийн бичгээр 50, ар гэрийн гачигдлаар 175, ачаа тээврийн зориулалтаар 1649,
бусад шалтгаанаар 307 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бөгөөд зорчигдын биеийн
халууныг шалгаж, халдвар хамгааллын зөвлөмж өгсөн байна.
Арвайхээр хотын орчимд хяналтын 14
цэгийг байгуулж, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар,
Мэргэжлийн хяналтын газар, ЗӨСТ, аймаг, сумдын ЗДТГ-ын албан хаагчид 24
цагаар үүрэг гүйцэтгэж байгаа юм. Өвөрхангай аймгийн төвөөр дамждаг А0301,
А0302 зам нь улсын чанартай, баруун аймгийг Улаанбаатартай холбодог учраас
хөдөлгөөн тасрахгүй үргэлжилж, ачаалал их, халдваргүйтгэл ариутгал хийж байгаа
алба хаагчдын хүч хүрэлцэхгүй байгааг Онцгой байдлын газраас мэдээллээ.