30 хоногийн хүнсний нөөц бүрдүүлэхэд 11 орчим тэрбум төгрөгийн зардал гарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-11-16 23:24:22

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссоос “Хүнсний хангамжийн шуурхай штаб”-ыг найман байгууллагын 16 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна.

Тус штабаас “Хүнсний аюулгүй байдал алдагдах үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулж, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх, хуваарилах, худалдах, олгох үйл ажиллагааг хүнсний бодит нөөцөд тулгуурлан зохион байгуулж байгаа юм.

Хөл хорионы энэ цаг үед Өвөрхангай аймаг 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний 30-60 хоногийн нөөц бүрдүүлэх үүрэгтэй ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, гурилан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй мал, мах бэлтгэх дөрвөн үйлдвэрт одоогоор 400 орчим тонн махны нөөц байна. Ойрын хугацаанд Арвайхээр орчимд гацаад байгаа 4000-аад малыг оруулж, үйлдвэрт тушаах, иргэдийг өвлийн идшээ авах боломжийг бүрдүүлэх нь чухал болохыг Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж, зохицуулалтын арга хэмжээ авахаар боллоо.

Мөн штабын зүгээс Арвайхээрийн томоохон худалдааны төвүүдийн эзэдтэй уулзалт хийж, өөрсдийн хүчин чадал, боломжийн хүрээнд 30 хоногийн хүнсний нөөцийг бүрдүүлэх хүсэлтийг тавиад байна. Аймгийн хэмжээнд хүнс тээвэрлэх 86 тээврийн хэрэгслийн жагсаалтыг гаргаж, Онцгой байдлын газарт хүргүүлээд байгаа ба тэдгээрт олгох тусгай зөвшөөрлийн гэрчилгээг улсын Онцгой комиссоос ирүүлжээ.

“Хүнсний аюулгүй байдал алдагдах үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө” нь Өвөрхангай аймгийг 30 хоногийн хүнсний нөөцтэй байлгахад зориулагдсан бөгөөд энэ нөөцийг бүрдүүлэхэд 11 орчим тэрбум төгрөгийн зардал гарах аж.

相关新闻