Маргааш өглөөнөөс гудамж талбайд эргүүлүүд ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний 178 дугаар тогтоолоор улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулж Чойбалсан хот, Хэрлэн сумын 11 багийн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, хотын доторх авто зам дээр эргүүл хяналт хийхээр аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэв.
Дөнгөж сая Онцгой комиссын орлогч дарга, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат эргүүл хяналтад үүрэг гүйцэтгэх Онцгой комиссын гишүүд, Цагдаагийн газар, Бүсийн төв аймгийн Онцгой байдлын газар, Хэрлэн сумын багийн ажлын албаны бүрэлдэхүүнд үүрэг, чиглэл өглөө. Хяналт шалгалтын хүрээнд аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдийг амны хаалт зүүж байгаа эсэх, шаардлагагүй үед гадуур сэлгүүцэж буй эсэхэд хяналт тавих зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулна. Тиймээс иргэдийг хөл хорионы дэглэмээ баримталж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа байнга зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахин, төрийн байгууллагуудын албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулж байна.