Бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөхгүй байхыг худалдаа эрхлэгчдэд анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-12 12:30:51
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комиссын дарга С.Батжаргал, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар нар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангийн эрхлэгч, зах худалдааны төвүүдийн түрээслүүлэгч нартай уулзлаа.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор зохиомлоор бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх болон халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин ажиллахыг анхаарууллаа.  

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангуудад нэг удаагийн амны хаалт 500-800 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд одоогоор нөөц дуусч хомсдол үүсээгүй байна.

Түүнчлэн зах худалдааны төвүүдэд иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж, бараа материалын үнийн хөөрөгдөл үүсч болзошгүй байгаа тул "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13.2.8 гамшгийн үед түрээсийн төлбөрийг нэмэх, бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх гэсэн хуулийн заалтыг танилцууллаа.

Томоохон зах худалдааны төвүүд, эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэгчдийг аймаг орон нутагтай хамтран ажиллаж тавьсан шаардлага, санал хүсэлтийг биелүүлэн ажиллахыг анхаарууллаа.  

相关新闻