52 залууг “Малжуулах хөтөлбөр”-т хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Энэ онд Дорнод аймгийн хэмжээнд 14 сумын 52 малчин залууг "Малжуулах хөтөлбөр"-т хамруулж байна.
Тус аймаг малчдын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын түвшинд олон ажил хэрэгжүүлж ирсний нэг нь "Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр" юм. Хөтөлбөрийн хүрээнд залуу малчдыг "Малжуулах хөтөлбөр"т хамруулж, өнгөрсөн хугацаанд 308 иргэнд 21 мянган толгой мал олгожээ. Дээрх хөтөлбөрийн хүрээнд зөвхөн малжуулаад орхихгүй, малчдын сургалт, туршлага солилцох уулзалт зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулж хэвшсэн байна.
Малчдыг хөдөлмөр эрхлэгч гэж үзэж байгаа нь хөтөлбөрийн гол онцлог аж. Тухайлбал, малчдыг ажил олгогч, ажил хайгч, хөдөлмөрт хамрагдаж байгаа гэсэн гурван ангилалд хуваажээ. Богт шилжүүлснээр 600 толгойгоос дээш малтай айлыг ажил олгогч гэж үзэн мал маллах сонирхолтой хүмүүс буюу гэрээт малчныг ажлын байраар хангах тал дээр тодорхой зохицуулалт хийж байгаа аж. Гэрээт малчнаар ажиллах иргэн хөтөлбөрт хамрагдсанаар нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гаас төлүүлдэг тогтолцоо Дорнод аймагт амжилттай хэрэгжиж байна.