5000 орчим суулгацыг газарт үндэс нь бэхжихээс өмнө шилжүүлэх шаардлагатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Таван мянга орчим суулгацыг газарт үндэс нь бэхжихээс өмнө шилжүүлэх шаардлагатай байна.
2017 онд Дорнод аймгийн Баян-Уул сумаас Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардлаар иргэд, ойн нөхөрлөлүүдийн тарьж ургуулсан 42 мянган ширхэг 2-3 настай нарс модны тарьц суулгац, 2500 ширхэг навчит модны суулгацыг худалдан авч аж ахуй нэгж байгууллагууд болон Чойбалсан хотын цэцэрлэгжүүлэлтийн ажилд хуваарилан суулгаж байсан юм. Энэ ажлын нэг хэсэг болох үрсэлгээ бойжуулалтын талбайд 5-6 настай 4700 гаруй нарс модны суулгацыг одоогоор ургуулж байна. Энэхүү суулгацуудыг газарт үндэс нь бэхжихээс өмнө цэцэрлэгжүүлэлтэд шилжүүлэх шаардлагатай талаар “Гэрэл сэтгэмж” ОНӨААТҮГ-ын инжeнeр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатад танилцуулав. Үүнийг судалж, мэргэжлийн байгууллагууд саналаа нэгтгэн аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахаар болжээ.