Зохиомол эрэлт, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-11-11 14:14:25

Дорноговь /МОНЦАМЭ/.Сайншанд сумын Онцгой комиссын ээлжит хуралдаан энэ оны 11 дүгээр сарын 11-нд боллоо.

Хуралдаанаар “Ковид-19” цар тахлын хоёр дахь давлагаа эхэлж байгаа тул халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн зам, талбайн ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, нийтийн тээврийн үйлчилгээнд дагаж мөрдөх ариутгал, халдваргүйтгэлийн дэглэмийг мөрдөж ажиллах, Эрүүл мэндийн яам болон мэргэжлийн байгууллагаас зөвлөж буй заавар, зөвлөмжийг олон нийтэд сурталчлах ажлыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Мөн улсын хэмжээнд зохион байгуулж буй “Маскаа зүүцгээе, гараа угаая” аяныг нутаг дэвсгэрийн хэмжээнд үр дүнтэй зохион байгуулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх, сумын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй сууц өмчлөгчдийн холбоодод нийтийн зориулалттай орон сууцанд ариутгал, халдваргүйтгэлийг үе шаттайгаар зохион байгуулах талаар чиглэл өгөх, хэрэгжилтийг хангуулах, аж ахуйн нэгж, байгууллагууд Эрүүл мэндийн яамнаас гаргасан ариутгал, халдваргүйтгэлийн дэглэмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг даалгалаа.

Худалдаа үйлчилгээний төвүүд амны хаалттай хэрэглэгчдэд үйлчлэх, бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, зохиомол хязгаарлалт хийхгүй, хомсдол үүсгэхгүй байхыг  холбогдох албаныханд үүрэг болгов.

Өнгөрөгч гуравдугаар сард Сайншанд хотод хөндлөнгөөс өргөн хэрэглээний барааны зохиомол эрэлт, үнийн хөөрөгдөл үүсгэж хэрэглэгчдийг нэг дор олноор цуглуулах нөхцөлийг бүрдүүлж төөрөлдүүлж байсан юм. 

相关新闻