Амны хаалтны нөөц хангалттай бий гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт амны хаалт хангалттай
бий гэж Онцгой комиссоос мэдээлэв. Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэсэн улсаас
шалтгаалаад амны хаалт 300-800 төгрөгийн үнэтэй байна. Онцгой нөхцөл байдал
үүсээд буй энэ үед амны хаалтны үнэ хөөрөгдүүлсэн талаарх мэдээллийг иргэдээс
хүлээн авч, хуулийн дагуу хариуцлага тооцно гэлээ. Өнөөдрөөс ААНБ-уудад
халдваргүйтгэл, ариутгал хийх ажлыг эрчимжүүлж байгаа аж.
0-5 насны болон жирэмсэн эмэгтэйчүүд, ахмадууд эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа 7058-103 дугаарын утсаар дуудлага өгөх, өрхийн эмнэлэгтээ мэдэгдэж гэрээр үйлчилгээ авахыг зөвлөлөө. Сүүлийн долоо хоногийн байдлаар томуугийн дэгдэлт нэмэгдэж байгаа учир хүүхдийг гэрээс нь гаргахгүй байхыг мөн анхааруулж байна. Түүнчлэн аймгийн хэмжээнд үзвэр, урлаг, спортын үйл ажиллагаа, олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, цахим болон хүүхдийн тоглоомын газрууд, мөн баар, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглов. Харин хүнсний дэлгүүр, зах, худалдааны төвүүд, ресторан кафе, зочид буудлууд халдвар, хамгааллын дэглэм баримтлан хэвийн ажиллана.