Бизнес эрхлэгчдэд бизнес загвар, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талаар мэдээлэл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-10 16:19:18

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, "Хөгжлийн шийдэл" төрийн бус байгууллагын "BEST" хөтөлбөрийн Ховд аймаг дахь салбартай хамтран "Бизнес моделийн тухай ойлголт өгөх замаар бизнес загварчлан сэтгэхүйг хөгжүүлэх нь" сэдэвт сургалтыг энэ сарын 9-ний өдөр Өлгий хотод зохион байгууллаа.

Тус аймгийн 50 гаруй жижиг, дунд үйлдвэр эрхлэгч оролцсон уг сургалтын үеэр “Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх”  буюу "BEST" хөтөлбөрийн талаар танилцуулж, бизнес загвар, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талаарх мэдээлэл өгөв.

Ташрамд дурдахад, “BEST” хөтөлбөр нь АНУ-ын Засгийн газраас тус улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг /USAID/-аар төлөөлүүлэн Монгол Улсад 5 жилийн хугацаатай 41.3 тэрбум төгрөг /15 сая ам.доллар/-ийн буцалтгүй санхүүжилт бүхий хөтөлбөр юм.

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийг солонгоруулах, өсөлтийг дэмжих зорилготой уг хөтөлбөрийг Улаанбаатар болон Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Сэлэнгэ, Ховд аймагт хэрэгжүүлнэ.  

相关新闻