Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Ховд аймгийн баг тамирчид тэргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод 2020 оны Баруун бүсийн
ширээний теннисний насанд хүрэгчид, өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн энэ
сарын 5-7-ны өдрүүдэд боллоо.
Тэмцээнийг Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газар, Ширээний
теннисний холбоо хамтран зохион байгуулж, Капитрон банк ерөнхий ивээн
тэтгэгчээр ажиллав.
Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд баруун 5 аймгийн 200 гаруй тамирчин
оролцож, 150 медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс багийн
нийлбэр дүнгээр Ховд аймгийн баг тамирчид 10 алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүллээ.
Мөн Баян-Өлгий аймгийн баг 7 мөнгө, 2 хүрэл, Увс аймгийн баг 2 мөнгө, 3 хүрэл медаль тус
тус хүртэж удаах байруудад орлоо.
Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд эхний хоёр байрт шалгарсан тамирчид
удахгүй нийслэл Улаанбаатар хотод болох улсын аварга шалгаруулах тэмцээнд
оролцоно.