Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар Өвөрхангайд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-11-06 11:50:17

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв хамтран “Орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлж байгааг бид өмнө нь мэдээлсэн.

Төслийн хүрээнд гурав дахь шатлалын нарийн мэргэжлийн эмч нар аймгийн БОЭТ-д 14 хоногоор ажиллаж, үзлэг оношилгоо, хагалгааг хийн эмч, сувилагчдыг нарийн мэргэжлээр дадлагажуулж байгаа юм. Энэ удаа Улсын Нэгдүгээр төв эмнэлгээс дотоод шүүрэл, бамбай булчирхай, мэс засал, бөөр, элэг цөс, ходоод гэдэсний нарийн мэргэжлийн эмч нар ирж ажиллаж байна.  Хөдөө, орон нутагт дотоод шүүрлийн өвчлөл их, хяналт муу байдаг. Тухайлбал, бамбайн зангилааг хавдар гэж хэлээд сэтгэлзүйн дарамт учруулдаг. Үүнээс болоод иргэд хөрөнгө мөнгө зарцуулж, улсын эмнэлэг рүү очих явдал их байдаг учраас эдгээр өвчлөлд тулгуурлаж, эсийн шинжилгээ хийх, эмчлэх чиглэлээр сургалтыг түлхүү явуулна хэмээн эмч нар хэлж байв.

Эдгээр нарийн мэргэжлийн эмч нар энэ сарын 7,8-нд Бат-Өлзий суманд ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөөгийн иргэдэд газар дээр нь хүргэх юм. Дээрх төсөл 3 сарын хугацаанд хэрэгжсэнээр хоёр дахь шатлалын эмч нарын мэдлэг, чадавх сайжирч, Улаанбаатар руу явдаг иргэдийн урсгал багасч,  айлын өрхийн эдийн засагт хэмнэлт үзүүлнэ гэдгийг төсөл зохион байгуулагчид хэллээ.

相关新闻