Мал эмнэлгийн цогц үйлчилгээг нэг дороос авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-11-05 22:16:45

Завхан/МОНЦАМЭ/. Сантмаргаз суманд 40 сая төгрөгийн хөрөнгөөр Мал эмнэлгийн тасгийн барилгыг Төгөлдөр Жавхлан” ХХК гүйцэтгэн ашиглалтад оруулжээ.

Мал эмнэлгийн үйл ажиллагааг өргөтгөх, дэмжих зорилгоор сумын орон нутгийн хөгжлийн сангийн 20 сая төгрөг, “Ногоон алт” малын эрүүл мэндийн төслийн 20 сая төгрөгийн санхүүжилтээр тус барилгыг барьж ашиглалтад оруулжээ. Тус барилга нь мал эмнэлгийн тасгийн үйлчилгээний нэгжүүдийн эмч нарын өрөө, лабораторийн өрөө, эмийн сан, үзлэгийн өрөө, агуулах зэрэг зургаан өрөө бүхий 120 метр квадрат талбайтай.

Ингэснээр Сантмаргаз сумын Мал эмнэлэг аймгийн хэмжээнд өөрийн гэсэн байртай анхны сум боллоо. Жишиг мал эмнэлгийн байр ашиглалтад орсноор хөдөөгийн малчид, ард иргэд малын эрүүл мэндийн үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэв. Малын эрүүл мэндийн мөшгөх тогтолцоог өргөжүүлэн хэрэгжүүлэх. Мал эмнэлгийн нэгжүүдийг нэг дор байрлуулах, мал эмнэлгийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх, жишиг мал эмнэлгийг үргэлжлүүлэн сумдад байгуулна. Малчид дур мэдэн эм тариа хэрэглэхээс илүүтэй мал эмнэлгийн газарт дуудлага өгч малын эмчийн зөвлөгөө зааврын дагуу, баталгаат эмийг зааврын дагуу хэрэглэж малынхаа эрүүл мэндэд анхаардаг болсон нь сайшаалтай гэж Ногоон алт төслийн Завхан аймаг дахь газраас мэдээлэв.

 

Сантмаргазын малчид бэлчээрээ өнжөөх журамтай

Сантмаргаз сум нь 156.9 мянган малтай. Тус сумын нийт хүн амын 70 гаруй хувь нь малчин өрх. Тиймээс тус сум малчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, малчидтайгаа хамтран бэлчээр ашиглах төлөвлөгөөгөө жил бүр гарган ажилладаг байна. Тухайлбал бэлчээр өнжөөх, сэлгэх ажлыг баг бүр зохион байгуулдаг болжээ.

Өнөөдрийн байдлаар нийт малын 88 хувь нь халдваргүйжүүлэх тарилга туулгадаа хамрагдсан байна. Мөн малчидтайгаа хамтран бусад сумаас шилмэл үүлдрийн эцэг малаар сэлгэлт хийж, малынхаа чанар, үүлдэрт анхаардаг.  Энэ онд хөдөө багуудын хөгжилд 30 сая төгрөг, говийн багуудад худаг гаргах ажилд 10 сая төгрөгийг тус тус орон нутгийн хөгжлийн сангаас малчдын саналаар зарцуулаад байгаа. Түүнчлэн сумандаа малын нядалгааны цэгийг өөрсдийн нөөц бололцоогоор хийгээд байгаа. Өнөөдөр малчдын 90 гаруй хувь нь өвөлжилтийн бэлтгэлээ базаагаад байна. Малын хашаа, саравч, худаг усны хүрэлцээ хангамж сайн байгаа гэж сумын ЗДТГ-аас нэмж мэдээлэв. 

 

Энгийн механик аргаар бэлчээрээ хамгаалж байгаа гэв

Сум, аймгаас нэгдсэн бодлогоор үлийн цагаан оготно устгах ажлыг хийсэн нь энэ жилийн өвөлжилтөд чухал нөлөө үзүүлж байна. 

Өнгөрсөн хавар манай сумын нийт хоёр багийн нутаг, 10500 га бэлчээрийн талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг малчид төрийн албан хаагчид хамтран хийлээ. Өмнө нь малчид өөрсдийн санаачилгаар нүхэнд нь ус хийх, бортого буюу урхи тавих, оготно барьж идэх шувууны суулт хийх зэрэг аргаар тэмцэж нягтаршлыг бууруулж  байгаа ч  үлийн цагаан оготнын тархалт нэмэгдсээр байна. Тиймээс бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг орон нутгийн онцлогт тохируулан боловсруулж хэрэгжүүлэх, ашиглалтын менежментийг сайжруулах, ашиглагдахгүй байгаа алсын бэлчээрийг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, үлийн цагаан оготныг хэт олшруулахгүй байх тал дээр малчдынхаа оролцоог нэмэгдүүлсэн. Ингээд мэргэжлийн байгууллагуудын зааврын дагуу аймгийн нэгдсэн бодлогын хүрээнд өнгөрсөн хаврын ажил үр дүнтэй болсон байгаа. Энгийн механик, биологийн аргаар тэмцэх аргыг малчдад зааж сургах ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулсан. Үлийн цагаан оготнын хөнөөлийг арилгах чиглэлээр үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг тархалтын голомт бүхий томоохон талбайд нэгдсэн цогц байдлаар зохион байгуулж буй нь ч үр дүнгээ өгч байна. Үлийн цагаан оготно хэт олширсон бүсэд микробиологийн аргаар тэмцэх бодлого баримтлан ажилласан. Баг бүр үлийн цагаан оготно тархсан бэлчээрийн талбайгаас нэн тэргүүнд хамгаалах шаардлагатай газрын байршил, хэмжээг тогтоож зураглал хийж ажилласан нь үр дүнгээ өглөө. Бид мөн бэлчээрийн хөнөөлт үлийн цагаан оготнотой тэмцэх бүх нийтийн арга хэмжээг сэг зэм устгах, хог хаягдал цэвэрлэх ажилтай хамтатган зохион байгуулсан гэж тус сумын ЗДТГ-аас нэмж мэдээлэв.

 Сумын сургуулийн багшийн бүтээл үр дүнгээ өгч байна

Завхан аймаг бэлчээрт хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой тэмцэхэд шаардлагатай дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн чадавхыг бүрдүүлж шинэ бүтээгдэхүүнийг долоон суманд ашиглаж байгаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Тодруулбал, Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хийсэн судалгаа, малын тэжээл тариалах сумдын судалгааг үндэслэн үлийн цагаан оготно хамгийн их тархалттай байгаа. Нэр бүхий долоон сумын 30 багт үлий утагч, үлий цөмлөгч төхөөрөмжүүдийг өгч ашиглаж байна.


Энэхүү үлий утагч төхөөрөмж нь 2015 оны Инновацын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлсэн.

2016 оны Залуу зохион бүтээгчдийн улсын уралдааны шилдэг 44 бүтээлийн нэгээр шалгарсан Завхан аймгийн Тэлмэн сумын зураг төсөл, технологийн багш О.Баттулга, түүний шавь нарын бүтээл юм. О.Баттулга багш үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд өөрийн хувь нэмрээ оруулснаар сүүлийн гурван жил тус төхөөрөмж үр дүнгээ өгч буй юм. Энэхүү төхөөрөмж нь аргал, хомоолын утаагаар утах зориулалттай, бензин шатахуун хэрэглэдэггүй, эдийн засгийн хэмнэлттэй бүтээл гэдгийг онцолмоор байна гэв. 

相关新闻