Төрийн албаны ерөнхий шалгалтыг 453 хүн өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-11-06 09:08:58

Өвөрхангай /МОЦНАМЭ/. Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулна. Тус шалгалтыг зохион байгуулах Ажлын хэсгийг нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ерөнхий шалгалтын бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэдэд энэ сарын 5-нд заавар, зөвлөмж өгсөн байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ц.Ганболд хэлэхдээ: “2019 оны 1 дүгээр сараас мөрдөгдөж эхэлсэн “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга”-аар төрийн жинхэнэ албанд орж ажиллах босго өндөр болсон. Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэн нөөцөд бүртгэгдсэн иргэн, дахин тусгай шалгалт өгч сул ажлын байранд томилогддог зохицуулалттай болсон. Иймд ерөнхий шалгалт өгөх иргэд маань өөрөө өөртөө найдаж, шалгалтаа өгөөрэй, хэн нэгнээс тусламж, дэмжлэг авна гэсэн ойлголт байхгүй, тийм нөхцөл боломж ч гаргахгүй. Ерөнхий шалгалт өгөх болзол, журмын дагуу  шалгалт авах өрөө танхимыг бүрэн камержуулж, Төрийн албаны зөвлөлөөс шалгалтын процессыг давхар хянана” гэж сануулсан юм.

Төрийн албаны ерөнхий шалгалтад нийт 453 иргэн бүртгүүлсэн бөгөөд шалгалтыг Политехникийн коллежийн хичээлийн байрны 231, 306 тоот танхимд 9 ээлжээр зохион байгуулах аж. Ерөнхий шалгалт өглөө 08:00 цагаас эхэлнэ. Шалгалт өгөх иргэдэд цахимаар шалгалт өгөх цаг, өдөр, өрөө танхимын мэдээлэл бүхий баталгаажилтын хуудас өгсөн бөгөөд цагаасаа 30 минутын өмнө ирсэн байх, иргэний үнэмлэх, баталгаажилтын хуудсаа заавал авч ирэхийг тусгасан байна.


相关新闻