Эмэгтэйчүүдийн эдийн засгийг чадавхжуулах төслийн баг Өвөрхангайд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-11-05 20:20:08

Өвөрхангай /МОНЦАМЭ/. АНУ-ын Азийн сангийн Эдийн засгийн чадавх бэхжүүлэх хөтөлбөрийн захирал Тришиагаар ахлуулсан ажлын баг Өвөрхангай аймагт ажиллаж байна. Тус ажлын багийг аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Батжаргал өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Канадын сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад ”Эмэгтэйчүүдийн эдийн засгийг чадавхжуулах төсөл энэ оноос эхлэн дөрвөн жилийн хугацаатай хэрэгжихээр болсон. Уг төслийг орон нутагтаа хэрэгжүүлэх саналыг манай аймгаас Азийн санд тавьж,  олон удаагийн уулзалт, ярилцлагыг хийсний үр дүнд төслийн баг нөхцөл байдалтай биечлэн танилцаж байгаа нь энэ юм. Уулзалтын үеэр О.Батжаргал хэлэхдээ: “Эмэгтэйчүүдийн эдийн засгийг чадавхжуулах төсөл, хөтөлбөрийг хөдөө орон нутагт хэрэгжүүлэх бидний саналыг хүлээн авч, хүрэлцэн ирж ажиллаж байгаад баяртай байна. Манай аймгийн хувьд хүн амын тоогоороо улсдаа дээгүүрт ордог учир хөдөлмөр эрхлэлт, тогтмол ажлын байрыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байдаг. Удахгүй аймгийн Засаг даргын үйл ажиллагааны бодлогын баримт бичгийг боловсруулна. Энэхүү бодлогын баримт бичигт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой зорилго, зорилтуудыг дэвшүүлж, та бүхэнтэй хамтран ажиллана” гэв.

 Төслийн баг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийнхөнтэй уулзаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нөхцөл байдалтай танилцан орчны ажиглалт, үнэлгээг хийх аж.

相关新闻