Завхан түншлэл 2020 үзэсгэлэн худалдаагаар 43.8 сая төгрөгийн борлуулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт “Завхан түншлэл 2020”
үзэсгэлэн худалдаа амжилттай боллоо гэж МХАҮТ-ийн Завхан салбараас мэдээлэв.
“Завхан түншлэл
2020” үзэсгэлэн худалдаа нь орон нутгийн аж ахуйн нэгж байгууллага, жижиг дунд
бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжин, өөрсдийн брэнд
бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах. Зах зээлээ нэмэгдүүлэх, сурталчлан
борлуулах зорилготой жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байна.
Үзэсгэлэн худалдаа хоёр өдрийн турш Улиастайд болж 12 сумын 56 бизнес эрхлэгч оролцож, 43,8 сая төгрөгийн борлуулалт хийсэн
байна. Энэ үеэр үйлдвэрлэгчид сүү, цагаан идээ, үндэсний өв уламжлалын дээл хувцас,
гутал малгай, гоёл чимэглэл, зөөлөн оёдлын бүтээгдэхүүн, арьс ширэн
бүтээгдэхүүн, мод, модон бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн гээд
100 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн тавьж хямдралтай худалдааг зохион
байгуулсан юм. Энэ удаагийн үзэсгэлэн
худалдааг аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Хөдөлмөр Халамж
Үйлчилгээний Газар, аймгийн Хүнсчдийн холбоо, Дэлхийн Зөн ОУБ Завхан аймгийн
Эдийн Засгийн өсөлт, хөгжилд ИНБ-уудын
оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх төсөл, Хаанбанкны Завхан салбарууд хамтран
зохион байгууллаа гэж МХАҮТ-ын Завхан салбараас мэдээлэв.
Чингү кимчи эрэлттэй бүтээгдэхүүн байв
Завхан түншлэл 2020 үзэсгэлэн худалдаанд 12 сумын бизнес
эрхлэгч бүтээгдэхүүнээрээ оролцсоноос Гранпри шагналыг Мөнхөд мандаг ХХК-ны “Шимт”
нэрийн бүтээгдэхүүн хүртжээ.
Харин үзэсгэлэнгийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнээр Улиастай
сумын Чингү кимчи цехийн бүтээгдэхүүн шалгарсан бол хүнсний үйлдвэрлэлийн
шилдэг бүтээгдэхүүнээр Их уул сумын иргэн Л.Пүрэвсүрэнгийн боловсруулсан цагаан
идээ шалгарчээ. Хөнгөн үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүнээр Дөрвөлжин сумын Үйлс бүтэх ХХК-ны хамт олны
үйлдвэрлэсэн цагаан бүрээс, хамгийн сайн зохион байгуулалттай оролцсон сумаар Ургамал сум шалгарчээ. Тус сум нь аймгийн төвөөсөө 200 гаруй
километр алслагдсан говийн сум бөгөөд жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж багаараа
хамгийн олон төрлийн бүтээгдэхүүнтэй ирж оролцжээ. Тухайлбал үзэсгэлэнгийн үеэр
тус сумын нутгийн брэнд болох ингэний айраг, суль, сульхирын гурил, ширэн эдлэл
хамгийн эрэлттэй байв. Мөн үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон Дөрвөлжин
сумын Хомын талын чацаргана ХХК, Улиастай
сумын Хадан суурь мөнх ХХК, Яруу сумын иргэн Ц.Мөнхдалай нарт зохион
байгуулагчдаас талархал гардуулжээ. Мөн үеэр борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор
30 мянган төгрөгийн худалдан авалт бүрд нэг азын сугалаа тарааж 25 азтаныг
тодруулсан байна.
Завхан түншлэл 2020 үзэсгэлэн худалдааны шилдэг
бүтээгдэхүүн, гранпри шагналыг хүртсэн Мөнхөд мандаг ХХК-ний “Шимт” нэрийн
бүтээгдэхүүн нь уламжлалт аргаар бэлтгэсэн цай, давс юм.
Тус
компани 2019 онд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж “Шимт цай” нэртэй
цулхиртай цайг үйлдвэрлэж эхэлснээс хойш байнгын хэрэглэгчидтэй болжээ. Тус цай
нь 250 грамм халуун усанд шууд найруулж уух зориулалттай эрүүл мэндийн чухал ач
холбогдолтой, алжаал ядаргааг тайлах аж. Цулхиртай цайнд үхрийн сүү, байгалийн
хужир, цулхир орсон байна. "Цулхирын
гурил нь ходоод гэдэсний хямрал, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах, шээс
хөөх болон бөөрний үйл ажиллагаанд сайны дээр их тэжээллэг. Монголчууд эртнээс
хэрэглэж ирсэн гурил юм. Мөн цай хийцэлж уух, шөлтэй хоол, өрөм, тос зэрэгтэй
хольж зуурч хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн уламжлалтай ажээ. Тиймээс манай шинэ
бүтээгдэхүүн эрүүл мэндэд нэн тустай. Өөрийн аймгийнхаа хөрсөнд ургадаг
ургамлуудаар бүтээгдэхүүнээ хийдэг болохоор орц найрлага нь хүний эрүүл мэндэд
сөрөг нөлөөгүй гэж хэлж болно хэмээн "Мөнхөд Мандаг" ХК-ийн захирал
Д.Баяраа дуулгав. Сонирхуулахад, эднийхэн 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэдэг
бөгөөд хоёр жилийн өмнөөс зундаа цагаан идээ боловсруулж ааруул, аарц, тараг,
ээзгий зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар савлаж борлуулж эхэлсэн байна.
Уугуул нутгийнхан нутгийн брэндээ хэрэглэх дуртай
Завхан
аймгийн ууган үйлдвэрүүдийн нэг "Мөнхөд Мандаг" компани өнгөрсөн зун хэрэглэгчдийн
хэрэгцээ шаардлага, цаг үетэйгээ нийцүүлэн үйлдвэрийн тоног төхөөрөмж, нэр
төрлийг нэмэгдүүлж бүтээгдэхүүний брэнд нэр, савлагаа, чанарыг сайжруулсан
тухайгаа мөн үеэр дуулгав.
"Мөнхөд
Мандаг" ХК нь "Нутгийн бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр нь
хэрэглэе" уриатай аж. Тус үйлдвэр мөн чонын элэг, долоогоно, нэрс, хадны
цэвэр шүүсийг үйлдвэрлэдэг. Мөн хамгийн эрэлт ихтэй чацарганын цэвэр тос,
монгол аргаар нэрсэн цагаан архи, ааруул, хуруудынхаа үйлдвэрийн үнийг зуны
цагт 15 хувь хямдруулж борлуулдаг байна. Учир нь зуны цагт орон нутагт зорчих, амрах
зугаалах иргэдийн тоо нэмэгддэг бөгөөд нутаг усандаа ирэх гийчдэд нутгийн брэндээ хямд
үнээр худалдан авах боломжийг олгосон нь энэ юм. Нутгийнхаа хөрсөнд ургасан
байгалийн цэвэр хүнс болсон жимс, ус, давсны амт нь хүртэл цаанаа нэг өөр
байдаг шүү хэмээн нутгаасаа хол суугаа Завханы уугуул иргэд ам сайтай байдаг
билээ.
"Business breakfast" уулзалт
үйлдвэрлэгчдэд тулгамддаг олон асуудлын гарц болов
“Завхан
түншлэл-2020” үзэсгэлэн худалдааг тохиолдуулан орон нутгийн бизнес эрхлэгчид
өдөр тутамдаа мөрдөн ажилладаг татварын хуулиудын шинэчлэлийн талаар мэдээлэл
өгсөн сонирхолтой сургалт боллоо.
Энэ бол “Business
breakfast” уулзалт юм. Уулзалтыг орон нутагтаа жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй
бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, компаниудын төлөөллүүдэд зориулж зохион
байгуулсан. Уулзалтын зочноор Завхан
аймгийн Татварын хэлтсийн дарга Л.Батбаяр уригдсан бөгөөд 30 гаруй бизнес
эрхлэгч оролцлоо. Уулзалтад татварын хэлтсийн даргаас гадна, сургалт мэдээлэл
хариуцсан мэргэжилтнүүд уригдан оролцогчдын асуултад мэргэжлийн зөвлөгөө
хариултыг газар дээр нь өгсөн байгаа. Энэ үеэр бизнес эрхлэгчид орон нутагтаа
үйлдвэрлэл явуулахад татварын ямар бодлогууд хүнд дарамт болдог талаараа
сэтгэгдлээ ярьж, сонирхсон асуултууддаа хариулт авсан. Мөн уулзалтаар орон
нутгийн нөхцөлд татварын хуулиудын хэрэгжилтэд тулгарч буй бэрхшээлүүд яригдаж,
бизнес эрхлэгчид хуулиудын шинэчлэлтэй холбоотой хэрэгтэй мэдээллээ авч чадлаа
гэж МХАҮТ-ийн Завхан салбараас мэдээлэв.
Орон нутгийн бизнес
эрхлэгчид хамтарч шинийг санаачлах хэрэгтэй гэв
“Завхан түншлэл
2020” үзэсгэлэн худалдааны үеэр зохин байгуулагдсан сонирхолтой арга хэмжээ нь “Инновацлаг
Завханчууд Дэлхийн Дэвжээнд” форум байв.
Тус форум нь Завхан аймгийн бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг сайжруулах, дэлхийн тавцанд гаргах зорилгоор төр, хувийн хэвшлийн бүтээлч түншлэлд тулгуурлан инновацлаг бизнесийг хөгжүүлэх зорилготой зохион байгуулагдлаа. Форумд “Завхан түншлэл-2020” үзэсгэлэн худалдаанд оролцож буй үйлдвэрлэгчид, Улиастай сумын бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдийн төлөөлөл, хувиараа бизнес эрхлэгч гээд 100 гаруй иргэд оролцсон юм. Энэ үеэр манай бизнес эрхлэгчид бизнесийн амжилтын үндэс инновац, инновацын экосистем сэдвүүдээр Санхүү Эдийн Засгийн Их сургуулийн багш нарын илтгэлийг сонсож, инновацын талаар сонирхсон асуултууддаа хариулт авлаа. Арга хэмжээний үеэр оролцогчид бизнест инновац хамгийн чухал. Хэн инновацтай бүтээгдэхүүн санал болгоно, тэр л бусдаас ялгарч өрсөлдөх давуу талыг олж авдаг. Тийм учраас хөрөнгө оруулагчид хамгийн шинэлэг, инновац бүхий бүтээгдэхүүнд илүү хөрөнгө оруулах сонирхолтой байдаг тухай мэдэж авлаа гэж МХАҮТ-ийн Завхан салбараас тус тус мэдээлэв.
-“Бизнес эрхлэгчид бүтээгдэхүүндээ шинэ технологи, инновац агуулж байж л амжилтад хүрнэ. Шинийг санаачлах хэрэгтэй. Ялангуяа шинээр зах зээл рүү нэвтрэгчид, шинэ бизнес эрхлэгчид ингэж ялгарна, өрсөлдөнө. Практик талаасаа бизнесүүд өөрсдийнхөө болон зах зээл дэх бусад бүтээгдэхүүнээ үнэхээр цоо шинэ эсэхийг мэдэж авна. Цаашдаа яаж илүү шинэлэг байж чадах эсэхээ ч тодорхойлно. Шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлсэн бүх үйлдвэрлэгч өөрийн бүтээлийг л хамгийн орчин үеийн, дэвшилтэт гэж танилцуулдаг. Тиймээс бизнесийн түүх тэр чигээрээ инновацийн түүх байдаг. Орон нутгийн бизнес эрхлэгчид нэгдэж хамтарч, шинийг санаачилж чадсанаараа инновацлаг бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж чадна” гэж Санхүү Эдийн Засгийн Их сургуулийн СДСТ-ийн дэд профессор Г.Батхуяг энэ үеэр хэллээ. Ташрамд манай улс 2012 онд Инновацийн тухай хууль баталсан. Энэ хуульд дэвшилтэт, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлбэл гааль, татварын хөнгөлөлт үзүүлэх, урамшуулал үзүүлэх гэх мэтээр төрөөс дэмжинэ гэж тусгасан байна.