Хөл бөмбөгийн сургагч багш бэлтгэх бага наадам зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-03 11:48:06

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-оос орон нутагт нийтийн хөл бөмбөгийг хөгжүүлэх төлөвлөгөөт ажлын хүрээнд “Грассрүүтс” хөл бөмбөгийн сургагч багш бэлтгэх бага наадмыг Говь-Алтай аймагт зохион байгуулав.

Энэхүү наадам нь МХБХ-ноос орон нутагт зохион байгуулах хамгийн эхний үйл ажиллагаа бөгөөд тус аймагт МХБХ-ны Дэд ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Мөнхзул, сургагч багшаар ОУХМ Б.Гарьдмагнай, спортын мастер Б.Ганбат, Грассрүүтсийн элч төлөөлөгчөөр ОУХМ Э.Ганзориг нар томилогдон сургалт, бага наадмын үйл ажиллагаанд оролцсон юм.

Аравдугаар сарын 31-нээс 11-р сарын 03-ны өдрүүдэд үргэлжилсэн онол, практик хосолсон сургалтад аймгийн төвийн болон сумдын ЕБС-ийн нийт 20 багш оролцож, грассрүүтс хөл бөмбөгийн сургалтын анхан шатны мэдлэгтэй болж, бага наадам зохион байгуулах ур чадварт суралцлаа. Нийт оролцогчид сургалтын хугацаанд идэвхтэй, бүрэн оролцоотой байж, сурсан зүйлээ 11 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулсан грассрүүтс хүүхдийн наадмын үеэр хэрэгжүүллээ хэмээн МХБХ-ны Дэд ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Мөнхзул онцлон танилцуулав.


11 дүгээр сарын 2-нд болсон Грассрүүт бага наадамд нийт 10-12 насны 120 хүүхэд оролцож нэг өдрийг баяр хөөртэйгөөр хөл бөмбөгт суралцаж өнгөрөөлөө. Наадмын нээлтэд Говь-Алтай аймгийн удирдлагууд  оролцож, Говь-Алтай аймагт хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд дэмжиж байгаа МХБХ-нд талархал илэрхийлж, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүссэн юм. 

МХБХ-ны ажлын хэсэг аймгийн удирдлага, бизнесийн төлөөлөгчидтэй уулзаж, Говь-Алтай аймгийн гишүүн холбооны үйл ажиллагааг цаашид сайтар дэмжиж хамтран ажиллах талаар санал бодлоо солилцон Засаг дарга болон ЗДТГ-ын даргатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Мөн Говь-Алтай аймгийн хөл бөмбөгийн холбооны удирдах зөвлөлтэй уулзаж, шинэ оффисын гэрээг баталгаажуулж, МХБХ-ноос дэмжлэг болгон өгч буй компьютер, холбогдох тоног төхөөрөмж, хөл бөмбөгийн хэрэгслүүдийг гардууллаа. 

Говь-Алтай аймгийн хувьд хөлбөмбөгийн спортыг долоо дахь жилдээ хөгжүүлж буй бөгөөд өсвөрийн хөл бөмбөгийн хөгжилд онцгой анхааран ажиллаж байгаа юм. Хэдхэн долоо хоногийн өмнө охидын шигшээ баг байгуулсан тухай сургалтын үеэр оролцогчдод танилцуулсан юм. Грассрүүтс сургагч багшийн сургалтын үеэр оролцогчид, өсвөрийн багууд болон МХБХ-ны сургагч багш нарын хооронд гурван удаагийн нөхөрсөг тоглолтыг хийж Говь-Алтай аймгийн багууд туршлага хуримтлуулж мэдлэгээ тэллээ.


相关新闻