“Нээлттэй хаалганы өдөрлөг”-т 850 эцэг эх хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-10-31 13:00:41

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуулиас зохион байгуулсан  “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т 850 эцэг эх хамрагдлаа.


Сургуулийн орчин, хичээлийн сургалтын үйл ажиллагааг эцэг эхэд танилцуулах, сурталчлах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой уг өдөрлөгийг “Дэлхийн Зөн Монгол” Говь-Алтай аймгийн орон нутгийн хөтөлбөр дэмжин ажиллажээ.

Өдөрлөгийн үеэр эцэг эхчүүд хүүхдийнхээ оронд хичээл сургалтын үйл ажиллагаанд оролцсон бөгөөд нийт 1-12 дугаар ангийн 33 анги бүлгийн 850 эцэг эх хамрагдсанаараа онцлогтой болжээ.

Мөн сурагчдын хийсэн бүтээлээр үзэсгэлэн дэлгэж үе тэнгийн хүүхэд багачууд болон эцэг эхчүүдэд сонирхуулав. 

Түүнчлэн Монголбанкны Говь-Алтай аймаг дахь салбараас эцэг эхчүүдэд “Хуримтлуулах хялбархан” уриатайгаар зохион байгуулж буй Дэлхийн хуримтлалын өдөр болон үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэг, жижиг мөнгөн дэвсгэртийн талаар мэдээлэл хийж, ХААН банкнаас хүүхдийн багц бүтээгдэхүүн TEEN үйлчилгээний талаар мэдээлэл өгсөн юм.


相关新闻