Он гарснаас хойш музейгээр 2831 иргэн үйлчлүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Орон нутгийг судлах музейгээр 10 дугаар сарын 26-ны байдлаар 2831 иргэн үйлчлүүлжээ. Үүнээс насанд хүрэгч 616, 18 хүртэлх насны хүүхэд 1952, гадаадын үзэгч 4, оюутан 15, үнэгүй үзэгч 238 байсан тухай музейн зүгээс танилцуулсан юм.
Говь-Алтай аймгийн музей 1947 онд Орон нутгийг судлах кабинет нэртэйгээр байгуулагдаж 1967 оноос музей болон өргөжжээ. Тус аймгийн Орон нутгийг судлах музей өнөөдөр нийт 2537 нэгж үзмэртэй. Байгаль газар зүй, түүх угсаатан, ардын урлаг, хүндэтгэлийн гэсэн дөрвөн танхим 10 тасагт 1600 шахам үзмэрийг дэлгэн сурталчилдаг юм. Байгаль газарзүй, Түүх угсаатан, Шашин, Бахархал хүндэтгэлийн гэсэн дөрвөн тасагтай аж.
Музейд МЭӨ III-VII зуунд хамаарагдах хосгүй үнэт хүрэл морь, МЭӨ 4000-5000 орчим жилийн үед холбогдох хаш чулуун сүх, МЭӨ III-VII зууны үеийн хүрэл морь, XIX зууны үед хэрэглэж байсан Засагт ханы мөнгөн барс бариулт тамга, Галданбошигтын эмээл зэрэг ховор нандин түүх соёлын дурсгал олон байдаг.