“Хуулиа дээдэлье” аян өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРХууль зүйн хэлтсээс жил бүр уламжлан зохион байгуулдаг “Хуулиа дээдэлье” аяны хүрээнд Төрийн албан хаагчдад авлигын эсрэг болон шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, таниулах, тэдний хууль, эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг зохион явуулжээ.
Сургалтад сумдын ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, байгууллагын дарга, агентлагуудын ХАСХОМ бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд хамрагдсан байна. Мөн үеэр улирагч онд зохион байгуулсан ажил арга хэмжээг нь үнэлж, тэргүүлсэн байгууллага сумдад өргөмжлөл гардуулжээ. Хууль дээдлэх аян нь төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаандаа хууль ёсыг даган биелүүлж, авлига хүнд суртлаас үйл ажиллагаагаа хамгаалан иргэдэд хууль сахин биелүүлэхийн ач холбогдлыг таниулах зорилготой байна.
Аяны хүрээнд эрхзүйн сургалт, сурталчилгаа зохион байгуулах, Баянхонгор сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангууд, хүнсний дэлгүүр, ломбардуудад хяналт, шалгалт хийх, аймгийн Засаг даргын 2014 оны “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах тухай” 667, 2015 оны “Хууль хэрэгжүүлж ажиллах тухай” 187, “Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх тухай” 188 дугаар захирамжийн хэрэгжилтийг сум, байгууллагад шалган туслах арга хэмжээ зохион явуулжээ. Мөн хүний эрхийн талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулж мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, хэрэглэгчийн эрхийн уулзалт, өдөрлөг зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулсан байна.
Б.Мөнхзул