Саудын Аравид "Хаж"-ийн үеэр амиа алдагсдын тоо 769 болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-28 12:22:13

МЕККА. /ВВС/. Саудын Аравийн Мекка хотын ойролцоо өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт болсон шахцалдааны үеэр амиа алдсан хүмүүсийн тоо 769 болж нэмэгджээ.

“Хаж” буюу лалын шашинтнуудын их мөргөл үйлдэх жил тутмын ёслолын үеэр Саудын Аравийн ариун хот Меккагийн ойролцоо олон хүн цугласны улмаас шахцалдаан болж, хүмүүс дарагдаж үхсэн юм.

Саудын Аравийн Эрүүл мэндийн сайд Халид Аль-Фалих хэвлэлийн бага хурал хийхдээ, “Шахцалдааны үеэр мөн 934 хүн гэмтэж бэртсэн” гэлээ.

Хохирогчид аль улсын иргэд болохыг тэрбээр хэлсэнгүй.

Эх сурвалжийн мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн дунд Морокка улсын 87 иргэн, Камерун, Нигер, Энэтхэг, Египет зэрэг улсын тус бүр 10 гаруй иргэн байгаа аж.

Мөн Ираны засгийн газрын албаны хүмүүсийн хэлснээр, тус улсын 136 иргэн шахцалдааны үеэр амиа алдсан бол 300 гаруй иргэн нь хэрхсэн нь тодорхойгүй байна.

Г.Доржханд

 

相关新闻
注释