“Би чадна” өдөрлөг баасан гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-10-14 10:46:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Харааны бэрхшээлтэй иргэдийн дунд үндэсний спортын сурталчилан таниулж “Би чадна” хэмээх өдөрлөгийг 10 дугаар сарын 16-нд зохион байгуулна.


Энэхүү өдөрлөгийг зохион байгуулснаар харааны бэрхшээлтэй иргэдийн дунд үндэсний спортыг сурталчилахын зэрэгцээ тэдний итгэл, хүсэл зоригийг бадрааж, ур чадварыг хөгжүүлэх зорилго юм. Өдөрлөгөөр үндэсний спортын ширээний шагай няслах, морь уралдуулах, шагай шүүрэх, сур харвах, гар барилдаан зэрэг төрлөөр тэмцээн зохион байгуулна.


Уг өдөрлөгийг Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ-ны Биеийн тамирын бодлого хэрэгжилтийн хэлтэс, Монголын ширээн шагайн спорт холбоо, Монголын үндэсний буриад сурын холбоо, Монгол гар барилдааны холбооноос зохион байгуулах юм. Өдөрлөгт Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, харааны бэрхшээлтэй иргэдийн МСҮТ, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр эрхлэх үйлдвэр, Бест массажны төвүүд зэрэг байгууллагуудын оюутан, залуучууд, ажилчин, албан хаагчид оролцоно. 

相关新闻