Худалдаа эрхлэгч бараагаа гаальд интернэтээр мэдүүлэх боломжтой болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-09 16:42:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад Европын холбооноос "Монголын худалдааг дэмжих" ТРАМ төсөл хэрэгжиж байна. 

Төслийн хүрээнд Монголын гоо сайхны болон сарлагийн арьсан бүтээгдэхүүн, торомны ноос боловсруулах, чацарганы жүүс бэлтгэж экспортод гаргах үйлдвэрлэлийг кластерийн хэлбэрээр буюу хоршин хийхээр хөгжүүлж байна. Мөн худалдааг хөнгөвчлөх ажилд манай улсын гаалийн байгууллага хамтран ажиллаж байгаа юм. 

Тодруулбал, Монгол Улс энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Европын холбооны экспортлогчдын бүртгэлийн системийг Гаалийн ерөнхий газар, МҮХАҮТ хамтран нэвтрүүлж байна. Уг системийн бүртгэлд өнөөдрийн байдлаар 74 экспортлогч компани ямар нэгэн саадгүй бүртгүүлээд байгаа нь хамтын ажиллагааны үр дүн гэдгийг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн өнөөдөр Худалдаа, аж үйлдвэрийн Танхимд болсон  “Монголын худалдааг дэмжих” ТРАМ төслийн “Гааль-бизнесийн түншлэл-2020” уулзалт дээр онцоллоо.  


Тэрээр, “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх төслийн хүрээнд энэхүү уулзалтыг бид жил бүр зохион байгуулж байна" гэв. Европын Холбооны ТРАМ төслийн удирдагч хатагтай Кармен Фратита хэлэхдээ, “Төслийн хүрээнд ГЕГ-тай хамтран гадаад худалдаа эрхлэгч, экспортлогч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарыг дэмжих зорилготой төслийг хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 1,2 дахь бүрэлдэхүүн хэсэгт худалдааг хөнгөвчлөх, 3 дахь бүрэлдэхүүн хэсэгт экспортыг дэмжих зорилгоор зарим бараа бүтээгдэхүүний кластерыг хөгжүүлэхэд дэмжин ажиллаж байна” гэв. 


ГЕГ-ын дэд дарга Ц.Гэндэнцэвээн “Дэлхийн Худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд гадаад худалдаа эрхлэгч нарт өргөн боломж бүрдсэн. Үүний нэг нь гадаад худалдаа эрхлэгч өөрөө бараагаа интернетээр гаалийн байгууллагад мэдүүлэх боломж олгосон явдал юм. Интернетээр өөрийн бараагаа мэдүүлэх үйл ажиллагааны үр дүнгийн мэдээллийг хүргэж байна” гэв. 

Уулзалтад ГХЯ, ГЕГ, МХЕГ-ын төлөөлөл болон бизнес эрхлэгчдийн төлөөлөгч 80 гаруй хүн оролцож, гадаад худалдаа, экспортын бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн талаар ярилцаж хамтран ажиллаж шийдвэрлэх зүйлийн талаар нэгдсэн санал зөвлөмж гарган төрийн байгууллагуудад хүргүүлэх боллоо. 

Уулзалт хэлэлцүүлгийн үеэр МҮХАҮТ-ын санаачилгаар самрын кластер байгуулагдаж буйг мэдээллээ. Эмх цэгцгүй явж ирсэн самрын экспортыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, дамлагч ченжүүдийн нөлөөг бууруулах, нэмүү өртгийн сүлжээг бий болгож эцсийн бүтэгдэхүүн хийх, Европын улсууд руу шууд экспортлох зорилгоор МҮХАҮТ-ын дэргэд Самрын кластер байгуулагдаж буйг Танхимын дарга Т.Дүүрэн мэдэгдсэн юм. 


МҮХАҮТ нь Европын TRAM төсөлтэй хамтран 2017 оноос уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих  гоо сайхан, тэмээний ноос, сарлагийн хөөвөр, чацаргана, арьс ширний кластерыг байгуулан ажиллаж, одоогийн байдлаар эдгээр 4 кластерын нэмүү өртгийн сүлжээнд 100 гаруй жижиг, дунд, бичил бизнес эрхлэгч гишүүд оролцож байгаа аж.

相关新闻