ЭЕШ-аас өндөр оноо авсан сурагч, сургуулиудыг шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-09 13:09:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 2017 оны V хуралдаанаар "Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх дэд хөтөлбөр"-ийг баталж, ЭЕШ-аас өндөр оноо авсан сурагч, түүний бэлтгэсэн багш, сургуульд мөнгөн урамшуулал олгохоор журамласан байдаг.

Дээрх журамд ЭЕШ-аас 750-800 оноо авсан сурагчийг 450-500 мянга, 726-749 оноо авсан сурагчдыг 55000-65000, 700-725 оноо авбал 25000 төгрөгөөр тус тус урамшуулахаар заасан.

2020 оны ЭЕШ-д тус аймгаас 784 сурагч орсноос 17 сурагч 700-722 оноо, 12 сурагч 727-148 оноо, 8 сурагч 753-800  оноо тус тус авсан байна.

Шалгалтад өндөр оноо авсан 37 сурагчид 4 сая 93 мянга, тэднийг бэлтгэсэн 25 багшид 3 сая 185 мянган төгрөгийг боловсролын ангилагдаагүй зардлын эх үүсвэрээс урамшуулал болгон олголоо.

Мөн ЭЕШ-ын дүнгээр улсын дунджаас дээгүүр амжилт үзүүлсэн ерөнхий боловсролын Эмпати, Дарын,  Бастама, Заид сургууль, Сагсай сумын нэгдүгээр сургууль, Өлгий сумын тавдугаар сургуулиудыг тус бүр 1 сая төгрөгөөр шагналаа.

相关新闻