Улиастайд 25000 ширхэг гоёлын модыг тарьж ургуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-07 18:46:56

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт “Ногоон-Улиастай” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж байна гэж аймгийн Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Тухайлбал сумын ногоон байгууламжийн албыг байгуулж 25000  м2 талбайг зүлэгжүүлж, 400 ширхэг гацуур, 200 ширхэг нарс, голт бор, буйлс, гүйлс, монос, хайлаас гэх зэрэг 20 гаруй нэр төрлийн модыг тарьж ургуулжээ.

Өнөөдрийн байдлаар сумын хэмжээнд нийт 25000 ширхэг гоёлын модыг 33 байрлалд тарьж 4200 м хайс хамгаалалт хийж, байнгын усалгаа хийж арчилж хамгаалсан байна. Жил бүр нэмж суулгасан модны арчлалт хамгаалалтыг хийж, мод тайралт, хэлбэржүүлэлт, хортон шавьжнаас хамгаалах ажиллагаа тогтмол хийгдэж байна. Сүүлийн хоёр жилд иргэдийн амарч, зугаалах нийтийн цэцэрлэгт хүрээлэнгийн тоо таваар нэмэгдээд байна. Цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжид гоёлын төрөл бүрийн мод тарихаас гадна, цэцгийн мандлыг жил бүр ургуулдаг болсон нь иргэдийг ая тухтай ногоон орчинд амарч зугаалах боломжоор хангаад буй юм.


Иргэд бүлэг болж мод тарих нь үр дүнтэй байна гэв

Улиастай сум Богд, Чигэстэй голын ай сав дагуух  788 м газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, иргэдэд эзэмшүүлжээ.

Аймгийн төвөөр урсдаг хоёр голын ай савыг хамгаалах, голын эрэг дагуух хөрсийг нь хамгаалах зорилгоор мод, бут тарьж арчлах сонирхолтой иргэдэд тухайн газрыг эзэмшүүлж, тарьж ургуулсан модны тоогоор урамшуулал олгож байна. Энэ ажил маш их үр дүнтэй болсон. Иргэд бүлэг болж хамтраад модоо тарьж ургуулах нь илүү үр дүн үзүүлсэн байгаа. Энэ жил гэхэд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 61-р тогтоолд хамрагдаж мод тарьж ургуулсан таван иргэн 2,2 сая төгрөгийн урамшуулал авсан байна. Мөн Ногоон-Ази сүлжээ төрийн бус байгууллагатай хамтран 5000 ширхэг  чацаргана, 1000 ширхэг хайлаасны суулгацыг  Чигэстэй голын ай савд тарилаа. Модны ургалт, амьдралт сайн байгаа гэж Улиастай сумын ЗДТГ-аас нэмж мэдээлэв. 

相关新闻