Өмнөговьд зуны цагт байдаг мөсөн хүрхрээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬГовь нутаг руу зорих дотоод гадаадын жуулчдын нүдийг хужирладаг нэгэн гайхамшиг нь зуны аагим халуунд ч байдаг мөсөн хүрхрээ юм. Ойролцоогоор 10 гаруй метр өндөртэй уг мөсөн хүрхрээ нь Говь Гурван сайхан уулын Зүүн сайхан ууланд байх “Мухар шивэрт”-ын аманд байдаг билээ.
Алдарт Ёлын амын мөс хайлж дууссан хойно ч энэхүү мөсөн хүрхрээ байсаар байдаг. Тус газар нутгийг 2004 оны үеэс нутгийн уугуул иргэн Монгол Улсын начин А.Сугиа санаачлан хамгаалж эхэлсэн ажээ. Тэрээр уг байгалийн үзэсгэлэнг үзэхийн тулд мөс хүртэл иргэд машинтай явж очдог байсныг болиулж 3км-т унаагаа орхин мөсөн хүрхрээ хүртэл явганаар явдаг болсон байна. Мөн мөс хүртэл алхах үед 10 гаруй ховор тогтоц бүхий хаднуудыг үзэх боломжтой юм. Тухайн ховор тогтоц бүрийг харах цэгт чиг заасан самбар байруулсан байдаг. Энд ачаатай тэмээ, авдарны хээний арслан, могой, бүргэд, замба гүргүүл зэрэгтэй төстэй хаднууд байдаг байна.
Зуны халуунд сэрүү татсан тус үзэсгэлэнт газар мөсний дэргэд ургасан сүгэлгэр ногоон модыг ч харах боломжтой байдаг. Энэхүү ховор тогтоц бүхий Говь гурван сайхан уулыг Өмнөговь аймгийн 9 гайхамшигт оруулсан байдаг. Мухар шивэртийн ам нь Зүүн сайхан ууланд Ёлын амнаас урагш 7 км-т, аймгийн төвөөс 36 км учир сүүлийн жилүүдэд энэ ам руу аялагчид их ирэх болсон юм. Зүүн сайхан уулан дахь хамгийн өндөр мөс бүхий ам гэж үздэг. 10 м орчимын өндрөөс урсдаг жижиг булаг нь өвөл хадан ханаа бүрхэн их хэмжээний мөс болон хөлддөг. Нар бага тусдаг мухар ам учир Ёлын амны мөс хайлж дууссан хойно буюу 7 сар хүртэл мөс нь байдаг юм.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн