УИХ-ын дарга Завхан аймагт ажиллаж 10 асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Улсын Их Хурлын дарга
Г.Занданшатар өчигдөр Завхан аймагт ажиллалаа. Улсын Их хурлын даргыг дагалдан Завхан
аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг, Барилга, хот
байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Эрчим хүчний
сайд Н.Тавинбэх, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын
яам, Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, Г.Өнөрбаяр,
С.Батболд нарын зэрэг албаны хүмүүс ажиллав.
УИХ-ын дарга аймгийн төр, захиргааны
байгууллагын удирдах ажилтнуудтай уулзаж, УИХ-ын үйл ажиллагаа, намрын
чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх бодлого, шийдвэрийн талаар танилцуулж, хариуцлагатай,
ёс зүйтэй, иргэндээ үйлчилдэг, чадавхтай төрийн албыг төлөвшүүлэх, улсаа
хөгжүүлэх УИХ, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж, нэгдмэл нэг зорилготой
ажиллахыг уриаллаа. Түүнчлэн аймгийн иргэдтэй уулзалт хийж, тулгамдсан асуудлуудыг хөндөн
ярилцаж, байр сууриа илэрхийлэн, тавьсан асуултад нь хариулав. УИХ-ын дарга
Г.Занданшатарын ажлын багийнхан тус аймагт ажиллах үеэрээ дараах асуудлуудыг
газар дээр нь эцэслэн шийдвэрлэлээ. Тухайлбал аймгийн төв болон Тэлмэн суманд
услалтын хоёр системийг засан сайжруулж, тоног төхөөрөмжийг шинэчлэн,
тариаланчдад сургалт явуулах. 64.000 тонн мах экспортлох.
Тосонцэнгэл-Улиастай
чиглэлийн авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 11-р сард багтаан нээх. Аймгийн
Нэгдсэн эмнэлгийг эхо, рентген, амьсгалын аппарат, үйлчлүүлэгчийн монитороор
хангах. Тосонцэнгэлийн Нэгдсэн эмнэлгийг 11-р сард багтаан диализийн аппараттай
болгох. Улиастай сумын гэр хорооллын 3400 өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг
үнэгүй болгох. Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг 2021 онд багтаан хоёр дахин
нэмэгдүүлж, шинэчлэх. Инженерийн шугам сүлжээний зураг хийх 400 сая төгрөгийн
зургаан арга хэмжээг ирэх оны төсөвт суулгах. Нисэх онгоцоор зорчих иргэдийн тийзийн
үнийг хямдруулах зэрэг асуудлуудыг тус тус шийдвэрлэжээ.
Ташрамд УИХ-ын дарга тус аймагт хэрэгжиж буй “Хаус хороолол”, “Гудамж” төсөл, “XXI зуун” жишиг хорооллын дэд бүтцийн ажил, аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Жавхлант” цогцолбор сургуулийн 640 хүүхдийн хичээлийн байрны барилга угсралтын ажил зэрэгтэй танилцсан аж.