Багш нарын баяраар бүтээлч байгууллага, багш нарыг шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Монголын багш нарын 54 дэх удаагийн баярын хурал ХДТ-т 12.00 цагт боллоо.
Баярын хурал дээр аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан: “2016-2020 онд аймаг, орон нутгаас боловсролын салбарт ихэд анхаарч, багш нарын тасралтгүй хөгжлийг хангах зорилгоор “Багшийн хөгжил”, хүүхэд бүрийг урлаг спортоор хичээллэж, авъяас чадварыг нь илрүүлж, хөгжүүлэх зорилгоор “Ирээдүй 1+1” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, багш, сурагчдын хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалтад 600.0 орчим сая төгрөгийг зарцууллаа.
Боловсролын үнэлгээний төвөөс 2019
онд боловсролын чанарын үнэлгээг улсын хэмжээнд 9-р ангийн бүх сурагчдыг
хамруулан монгол хэл, математик, англи хэл, физикийн хичээлээр хийсэн бөгөөд
Архангай аймаг улсын дунджаас дээгүүр
шалгагдсан, Монгол Улсын зөвлөх багшаар 2, улсын тэргүүний багшаар 1 багш тус
тус тодорч, улсын төрөлжсөн олимпиадаас 2 багш, 3 сурагч мөнгө, хүрэл медаль
хүртэн, их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтад 2016-2020 онд 20 сурагч
800 оноо авсан бол Элсэлтийн ерөнхий шалгалтад орсон нийт шалгуулагчдын 10
хичээлийн дундаж дүнгээр жил бүр байр урагшилж 2016 онд 19, 2017 онд 16, 2018
онд 13, 2019 онд 20, 2020 онд 8 дугаар байрт орсон, хүүхэд багачууд, багш нарын бүс, улс, тив дэлхийн хэмжээнд үзүүлсэн
амжилтууд жил бүр ахисан зэргээс аймаг
орон нутаг боловсролын салбарт илүү анхаарч, бодлого боловсруулж хөрөнгө мөнгө
зарцуулсны үр дүн харагдаж байна”
хэмээн тэмдэглэн хэллээ.
“Багшийн хөгжил” аймгийн дэд
хөтөлбөрийн хүрээнд жил бүр уламжлал болгон ерөнхий боловсролын сургууль,
хүүхдийн цэцэрлэг, багш нарын дунд зохион байгуулдаг “Бүтээлч байгууллага”,
“Бүтээлч багш” уралдааныг энэ жил 9 дүгээр сард хийж, шилдэг
сургууль, багш нарыг шалгаруулсан. Шалгарсан байгууллага, багш нарын шагналыг өнөөдрийн
хүндэтгэлийн баярын хурлын үеэр гардууллаа.
1-р байрт шалгарсан сургууль,
цэцэрлэгийг тус бүр 3,0 сая, 2-р байрт шалгарсан сургууль, цэцэрлэгийг тус бүр 2.0 сая, 3-р байрт шалгарсан
сургууль, цэцэрлэгийг тус бүр 1,0 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан бол “Бүтээлч
багш” уралдааны тэргүүн байрт шалгарсан багшийг зөөврийн компьютер, 2-р байрт
шалгарсан багшийг олон үйлдэлт принтер, 3-р байрт шалгарсан багшийг нэг үйлдэлт
принтерээр тус тус шагнаж урамшуулав.
Мөн энэ үеэр Өгийнуур, Өлзийт, Хашаат, Хайрхан, Хотонт, Цэцэрлэг, Эрдэнэбулган сумын 5, Ирээдүй сургуулийн “Багшийн хөгжлийн төв”-д тус бүр 4,0 сая нийт 32,0 сая төгрөгийн техник тоног
төхөөрмж олголоо. 2018-2020 онд нийт 20 сургуулийн Багшийн хөгжлийн төвийг 80,0
сая төгрөгийн техник тоног төхөөрөмжөөр хангажээ.
Өнөөдрийн багш нарын баяраар аймгийн
хэжмээнд “Боловсролын тэргүүний ажилтан”-аар 33,
БШУЯ-ны жуух бичгээр 53, аймгийн Засаг даргын шагнал болох аймгийн “Тэргүүний
ажилтан”-аар 8, “Хүндэт тэмдэг”-ээр 6, “Хүндэт өргөмжлөл”-өөр 6, жуух бичгээр
32 хүн шагнууллаа. Мөн аймгийн БСУГ-ын “Багшийн алдар” тэмдгээр 25, “Ахлах багш”
тэмдгээр 23, “Арга зүйч багш”-аар 28 багш шагнуулсан байна.