Төгрөг сумын сум дундын эмнэлэг тэргүүн байр эзлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-09-30 10:32:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-д төрийн болон хувийн хэвшлийн 85 байгууллагын төлөөлөл оролцон 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн шилдгүүдээ шалгаруулав.


Тодруулбал, Эрүүл мэндийн байгууллагуудаас 2019 оны ажлын гүйцэтгэлээр “Маш сайн” үнэлэгдэж “Тэргүүн” байрт Төгрөг сумын сум дундын эмнэлэг, “Дэд” байрт Тонхил сумын эрүүл мэндийн төв, “Гутгаар” байрт Жаргалан сумын эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтийг амжилттай хэрэгжүүлсэн хамт олноор Нэгдсэн эмнэлэг шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнуулсан юм. 

Харин ЭМГ-аас явуулсан “Эрүүл насжилт, настанд ээлтэй эрүүл мэндийн төв” шалгаруулах болзолт уралдаанд “Тэргүүн” байрт Цээл сумын эрүүл мэндийн төв, “Дэд” байрт Дарви сумын эрүүл мэндийн төв, “Гутгаар” байрт “Энх-Алтай” өрхийн эрүүл мэндийн төв шалгарав.

Дарви сумын ЭМТ нь 18000 мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэдэг бөгөөд жилд давхардсан тоогоор 800 орчим ахмад настанг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулдаг ажээ.

Түүнчлэн мөн үеэр “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар нэгдүгээр зэргийн болзлыг Тонхил сумын цэцэрлэг, Жаргалан сумын эрүүл мэндийн төв, Бигэр сумын цэцэрлэг, Тонхил сумын сургууль, хоёрдугаар зэргийн болзлыг Жаргалан сумын сургууль, Цээл сумын цэцэрлэг, гуравдугаар зэргийн болзлыг Дарви сумын эрүүл мэндийн төв, Дарви сумын соёлын төв, "Жаргалан-Алтай” өрхийн эрүүл мэндийн төв тус тус хангажээ.

Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарт төрийн болон хувийн хэвшлийн 85 байгууллагын 1000 алба хаагч ажиллан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд хүргэж байгаа ажээ. Салбарын хамт олон өнгөрсөн онд эхийн эндэгдлийг бууруулах, жирэмсэн эхийг хяналтад эрт хамруулах, БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Тэмбүүгүй Алтай" хөтөлбөрийг хэрэгжүүлэн эрт илрүүлгийн үзлэг оношилгоог 18 сум, 2 тосгонд зохион байгуулжээ. Түүнчлэн тус аймгийн эрүүл мэндийн салбарын хамт олон 2015 оноос хойш орон нутгийнхаа шилдэг агентлагийн тэргүүн болон дэд байруудыг тасралтгүй эзэлсэн байна.


相关新闻