Шүүхийн үйлчилгээний талаар иргэдийн санал хүсэлтийг сонсов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хуулийн байгууллагуудын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөр” үйл ажиллагаа Алтай хотноо боллоо.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг иргэдэд ойртуулах, шинээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах, иргэдийн санал, хүсэлтийг сонсох зорилгоор зохион байгуулсан байна. “Нээлттэй хаалганы өдөр”-т Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, ЗДТГ-ын Архивын тасаг зэрэг байгууллага оролцлоо. Мөн үеэр Шүүхийн Тамгын газраас иргэдэд нээлттэй үйлчилж, шүүхэд хэрхэн нэхэмжлэл, хүсэлт гаргах, анхаарах асуудал, эвлэрүүлэн зуучлалын талаар мэдээлэл зөвлөмжийг хүргэжээ. Түүнчлэн шүүхийн үйлчилгээний талаар иргэдээр санал асуулгын хуудас бөглүүлж тэдний санал бодлыг сонсон цаашид үйл ажиллагаандаа анхааран ажиллана гэдгээ илэрхийллээ.