Цар тахлын үеийн хариу арга хэмжээний баг бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-23 17:39:27

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймагт "Kовид-19" цар тахлын үеийн орон нутгийн Шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээний багийг бэлтгэх сургалт болж байна. 

Тус сургалтыг Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Энэ хүрээнд Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын баг Ховд аймагт ажиллаж байна.

Тус ажлын багийнхан "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангах, орон нутгийн Онцгой комиссын Шуурхай штабт зөвлөгөө өгөх, шуурхай хариу арга хэмжээний багийн томилгоот бүрэлдэхүүнийг чадваржуулах зорилгоор энэ сарын 23-24-ний өдөр сургалт зохион байгуулж байна.  

Сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газар, онцгой байдал, эрүүл мэнд, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчдын төлөөлөл 70 гаруй хүн оролцож, ур чадвараа дээшлүүлж байгаа юм.

Сургалтын хүрээнд салбар хоорондын хамтын ажиллагаа, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед шуурхай хэрэгжүүлэх ажлын талаар албаныхан мэдээлэл хийж байна. Мөн үргэлжлүүлэн цагийн байдалд ажиллах танхимын дадлага сургууль хийх аж.  

Сургалтын үр дүнд орон нутгийн Онцгой комиссын Шуурхай штабын гишүүд чадавхжих, шуурхай хариу арга хэмжээний багийг томилгоожуулж, дадлагажих, улмаар болзошгүй эрсдэлийн бэлтгэл, бэлэн байдал дээшилнэ гэж зохион байгуулагчид үзэж байна. 

相关新闻