Зочлох үйлчилгээний ажилтнуудыг чадваржуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт”-ыг Ховд аймагт хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Сургалтын зорилго нь орон нутгийн аялал жуучлалын салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах,
боловсон хүчнийг бэлтгэх, чадваржуулахад чиглэж байна.
Тус сургалтыг БОАЖЯ болон холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Сургалтад аялал
жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын
төлөөлөл болон хөдөлмөр эрхлэхийг хүсч буй 200 гаруй иргэн оролцож байгаа юм.
Сургалтын чиглүүлэгчээр Монголын зочид буудлуудын холбооны гүйцэтгэх
захирал, Үндэсний сургагч багш Н.Батцэнгэлээр ахлуулсан баг ажиллаж байна. Тэд “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт”-ын хүрээнд тогооч,
зөөгч, кофе найруулагч, өрөөний болон гэрийн үйлчлэгч, угаалгын ажилтан, зочин хүлээн авагч, хаалгач,
ачаа зөөгч, аяллын жолооч, хөтөч,
тайлбарлагч, зочид
буудал, зоогийн газрын удирдах ажилтан, менежер гэсэн 10 гаруй мэргэжлийн дагуу оролцогчдыг чадваржуулна. Улмаар зочлох үйлчилгээний ажилтнуудад онол, практикийн мэдлэг, ур чадварыг үнэ төлбөргүй эзэмшүүлж байгаагаараа
онцлогтой.
Ийнхүү зочлох үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлдэг
аж ахуй нэгж, байгууллагын төлөөлөл, тухайн салбарт ажиллах сонирхолтой иргэдийг
чадваржуулснаар орон нутгийн аялал жуулчлалын
салбарт үйлчилгээний соёл,
ажилтны харилцаа хандлагыг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн олон
улсын стандартыг нэвтрүүлэх боломж бүрдэх юм. Энэхүү сургалтын төгсгөлд нийт оролцогчдод гэрчилгээ олгоно.

