Угсаатны соёлд түшиглэсэн “Аялал жуулчлалын цогцолбор” байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-18 11:54:46

Ховд /МОНЦАМЭ/. Байгаль орчин аялал жуулчлалын яам болон холбогдох байгууллагууд хамтран “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-2” хэрэгжүүлнэ.

Энэхүү төслийн зорилго нь баруун бүсийн аймгуудын түүх, соёлын өвийг хамгаалах, тусгай хамгаалалтай газар нутагт түшиглэсэн аялал жуулчлалын зохистой менежментийг хэрэгжүүлэх, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг хангах, аялал жуулчлалын цогцолбор байгуулах замаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

Төсөлд Баян-Өлгий, Увс, Ховд аймаг хамрагдах бөгөөд төслийн үйл ажиллагаа  2020-2027 онд үе шаттай хэрэгжих юм. 

Төслийн хүрээнд баруун бүсийн аймгуудад жуулчдын урсгалыг татах, зөв төлөвлөх замаар хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, аялал жуулчлалаар дамжуулан орон нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зэрэг хэд хэдэн томоохон зорилт дэвшүүлжээ.

Төслийн санхүүжилтын тухайд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтэй зээл 32.3 сая ам.доллар буюу 90.0 тэрбум төгрөг аж.

Төслийн санхүүжилтын хуваарилалт хийхдээ Увс аймагт 16 сая ам.доллар, Баян-Өлгийн аймагт 1 сая  ам.доллар тусгажээ. Харин Ховд аймагт хэрэгжих ажилд 15 сая ам.доллар буюу 40 орчим тэрбум төгрөг зарцуулах юм. 

Улмаар Ховд аймагт олон угсаатны соёл уламжлалд түшиглэсэн “Аялал жуулчлалын цогцолбор”, хадны зураг, нэн ховор олдворын “Чулуун соёлын дижитал музей бүхий нүүдэлчдийн соёлын судалгааны төв байгуулна. “Сангийн хэрэм”-ийн хуучин туурийг засварлах замаар аялал жуулчлалын гудамж байгуулна. "Гурван сэнхэр" агуйн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ба нутгийн иргэдийг чадавхжуулах “зээлийн сан” бий болгоно. Мөн баруун бүсийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө боловсруулж, орон нутгийн аялал жуулчлалын байгууллагуудад стандарт мөрдүүлэх, ногоон гэрчилгээжүүлэлт нэвтрүүлэх, ариун цэврийн байгууламж бүхий отоглох цэгүүд тохижуулах зэрэг нэлээд ажил хийхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар тус төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажил өрнөж байна гэж төсөл хэрэгжүүлэгчид мэдээллээ.     

相关新闻