Албадан нүүлгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн төв Даланзадгад суманд орон сууцнуудын дэргэд байрлах контейнеруудаас хоёрыг нь албадан нүүлгээд байна. Мөн барилгын материалын агуулахын зориулалттай контейнерыг албадан нүүлгэхээр хүчний байгууллагад ханджээ.
Цаашдаа А зэрэглэлийн бүсэд байгаа худалдаа үйлчилгээ хийж буй болон агуулахын журмаар ашиглаж байгаа контейнерууд болон пингүүдийг нүүлгэх ажээ. Дээрх албадан нүүлгэж байгаа контейнеруудад энэ сарын нэгний дотор нүүх мэдэгдэл өмнө нь хүргүүлсэн ч нүүгээгүй байсан юм. Ялангуяа 11 дүгээр цэцэрлэгийн дэргэд түүхий эд худалдан авдаг контейнерууд байсан бөгөөд иргэдээс эдгээр контейнеруудыг нүүлгэхийг шаардсан байна. Учир нь дулааны улирлын үед түүхий эдийн үнэрээр олон төрлийн ялаа болон шавьж цугларч эвгүй үнэр гардаг байжээ. Ер нь түүхий эд худалдан авагч нарыг Даланзадгадын зах руу байлгахаар төлөвлөж байгаа юм.
Мөн орон сууцнуудын эргэн тойронд машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар төлөвлөж байгаа учир зөвшөөрөлгүй буулгасан контейнерууд болон пингүүдийг албадан нүүлгэх ажил үргэлжлэх юм байна. Гутал засвар, комисын барааны худалдаа зэрэг хийж буй иргэдийг ахуй үйлчилгээний төв рүү нүүлгэн шилжүүлэх аж.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн