БНМАУ-ын баатар Б.Тэгшээгийн хүрэн халзан морь
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Баруун хилийн тулгаралтад гавьяа байгуулсан хилчдийн нэг бол Б.Тэгшээ юм.
Улсын баатар хилчин Б.Тэгшээ Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. 1946 онд цэрэгт татагдан Ховдын отрядад алба хаасан байна. Тэр баруун хилийн тулгаралтад олон удаа оролцож, тагнуулын үүрэг даалгаврыг гүйцэтгэж байсан аж. Б.Тэгшээд зориулсан дуу, хөшөө, шүлэг, найраглал нэлээд олон бий. Мөн түүний унаж байсан хүрэн халзан морины тухай дуу байдаг.
БНМАУ-ын баатар Ж.Нэхийт хүрэн халзан морио өөр ангид шилжихдээ зан аашийг нь сайн мэддэг Б.Тэгшээд хүлээлгэн өгсөн гэдэг. Ингээд Б.Тэгшээгийн хүрэн халзан морь нь баруун хилийн тулгаралтад эзний хамт олон удаа оролцжээ.
Тодруулбал, 1940 оны сүүл, 1950 оны
эхээр Ховд аймгийн Булган сумын Байтаг богд уул орчимд хилийн зөрчил, олон
удаагийн тулгаралт, тулаан болсон. Үүнд хүрэн халзан морь удаа дараа амжилт
үзүүлж, гайхамшигт хүлэг болохоо
харуулсан гэж түүхийн эх сурвалжуудад тэмдэглэжээ.
1948 оны
долоодугаар сард Байтаг богдын тулалдааны үеэр ар талд мэдээ хүргэхээр байлдагч Ч.Пэлжээ энэхүү
морийг унан бартаа саад ихтэй “Уушгын” уулсын дундуур 30 км газар зогсолтгүй
давхисаар суманд мэдээ хүргэснээр дайсан этгээдийг дахин цөмрүүлэлгүй устгасан
түүхтэй.
Баруун хилийн тулгаралтад гавьяа байгуулсан хилчид, мөн тэдний салшгүй анд нөхөр болсон хурдан хүлгүүдийг ийнхүү нутгийнхан дурсдаг.
Энэхүү морь нь Говь-Алтай аймгийн Бугат сумын иргэн Х.Шагдарын унаган адуу байжээ. Шандаст энэ хүлэг 1967 он хүртэл 30 насалсан аж.