Шахмал түлшинд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх химийн элемент илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-04 14:16:28

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнг өнөөдөр нийтэд танилцуулав.


Түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах гэр хорооллын 99 хороонд хяналт шалгалт хийжээ. Мөн  энэ жил шинээр шахмал түлш хэрэглэж эхлэх нийслэлийн 5 хорооны Засаг дарга, хэлтсийн ахлагч, зохион байгуулагч, орон тооны бус 105 ажилтан бусад холбогдох албаны хүмүүст шахмал түлшний зөв хэрэглээ, зуух яндангын аюулгүй байдал, стандартын талаар сургалт зохион байгуулсан байна.


Агаарын бохирдлыг бохирдуулагч нэг эх үүсвэр нь авто тээврийн хэрэгсэл. Тэр дундаа дизель хөдөлгүүртэй машины тээврийн хэрэгсэл нь өндөр хувийг эзэлдэг байна. Иймд Авто тээврийн үндэсний төвтэй хамтран ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг 17 ААН, байгууллагын 281 түгээлтийн тээврийн утааны тортогжилтыг хэмжжээ.

Тэнгэрийн хишиг ХХК-ийн 6, Алтан жолоо импекс ХХК-ийн 10, Айс Марк ХХК-ийн 21, БСБ ХХК-ийн 21, Баттрейд Си ХХК-ийн 5, Улаанбаатар гурил ХХК-ийн 6,  Атар өргөө ХХК-ийн 13, Талх чихэр ХХК-ийн 31, нийт 207 тээврийн хэрэгсэлийн утааны тортогжилтын хэмжээ стандартын шаардлага хангаагүй учир торгууль ногдуулсан байна.


Таван толгой түлш ХХК-д шахмал түлш үйлдвэрлэх 4 шугам ажиллаж байгаа бөгөөд өдөрт дунджаар 800-1000 тонн орчим шахмал түлш үйлдвэрлэж борлуулалтад гаргаж байна. Өвөлжилтийн бэлтгэл байдалтай холбоотой 4 үйлдвэрийн 12 шугамыг бүрэн ажлуулах, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэх, хангалттай нөөц бүрдүүлэхийг  НМХГ-аас зөвлөжээ. 


Таван толгой түлш ХХК-ийн шахмал түлшний 22 дээж, милдинг барьцалдуулагчийн 3 дээжийн ШУА-ийн Химийн хүрээлэнгийн Ашигт малтмал газрын тосны газрын уул уурхай, газрын тосны лабороторийн шинжилгээнд хамруулахад шахмал түлшинд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй химийн элемент илрээгүй байна.  

Мөн тус байгууллагын шахмал түлшний нөөцийн саравч болон агуулахын барилга байгууламжуудыг шалгахад агаар сэлгэлт муу, орчны температур хэт өндөр,дээвэр болон шалаар ус нэвчиж чийг хуримтлагдсан зөрчил илэрчээ. Энэ нь бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй байсан тул зөрчлийг арилгах зөвлөмж өгсөн байна.


Ташрамд дурдахад, автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор наймдугаар сарын 31-ний байдлаар 1 сая 200 мянга орчим авто машин нийслэлд нэвтэрчээ. Эдгээр тээврийн хэрэгслийг шалгаж, Улаанбаатар хот руу зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхийг завдсан 197 тонн түүхий нүүрсийг хураан “Амгалан” дулааны цахилгаан станцид хүлээлгэн өгч, зөрчил гаргасан этгээдийг торгосон байна. Түүнчлэн тарваганы 133 тулмыг ЗӨСҮТ-д хүргүүлжээ. Мөн мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал буюу 1.9 кг канабис тээвэрлэсэн зөрчлийг илрүүлж ЦЕГ-т шилжүүлжээ.

相关新闻