Ч.Жавзанпагма: Энэ удаагийн орон нутгийн сонгуульд сонгогч шилжих гэсэн асуудал байхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-08-31 14:39:39

Төв МОНЦАМЭ/. Төв аймгийн сонгуулийн хорооны дарга, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагматай уулзаж орон нутгийн сонгуулийн талаарх тодруулга авлаа.


-Энэ жилийн аймаг, сумын ИТХ-ын ээлжит сонгуулийн үйл ажиллагаа эхэлж байна. Энэ удаагийн  сонгуулийн онцлог юу байна вэ?

-Аймаг сумын ИТХ-ын төлөөлөгч сонгох ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах аймаг сумын сонгуулийн хороог байгуулан хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Шинээр буюу 2020 оны 1 дүгээр сарын 30-наас мөрдөгдөж байгаа Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу аймгийн сонгуулийн хороог аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, сумын сонгуулийн хороог аймгийн сонгуулийн хороо байгуулахаар хуульчлагдсан. Хуулийн дагуу шат шатны сонгуулийн хороо байгуулсан бөгөөд аймгийн сонгуулийн хорооны хувьд гишүүдийн ажил үүргийн хуваариа гаргаж, Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн цаг хугацааны графикт ажлыг тухай бүрд нь хийж байна. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь сонгогч шилжих гэсэн асуудал байхгүй.

-Энэ удаагийн сонгуульд хэчнээн нам эсвэл оролцох хүсэлтээ ирүүлсэн бэ?

-Аймгийн хэмжээнд өмнөх жилүүдийг бодвол олон нам эвсэл оролцохоор мэдээлэл ирсэн. Гэхдээ энэ удаагийн сонгуульд оролцоно гэж төрийн аудитын байгууллагад долоон нам мөрийн хөтөлбөрөө хянуулсан. Тодруулбал МАН, АН, МАХН, Ардчилал шинэчлэлийн нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Зүй ёсны нам, Иргэний зориг ногоон нам зэрэг намууд материалаа хянуулсан байгаа. Харин Шинэ нам материалаа хянуулахад зөрчилтэй гэсэн дүгнэлт гарсан учир аудитаас дүгнэлт өгөөгүй. Хуулийн хугацаагаар наймдугаар сарын 16-ны дотор аймгийн сонгуулийн хороонд намууд сонгуульд оролцох хүсэлтээ гаргах ёстой. Энэ хугацаанаас өмнө МАН, МАХН, АН, Иргэний зориг ногоон намууд материалаа бүрэн ирүүлсэн байна. Харин Шинэ намын хувьд аудитын байгууллагаар мөрийн хөтөлбөр болон хандивын дансаа хянуулаагүй учир сонгуульд оруулж бүртгэхээс татгалзсан бол Ардчилал шинэчлэлийн нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Зүй ёсны нам орон нутгийн сонгуульд оролцоно гэсэн хүсэлт ирүүлээгүй учир эдгээр намууд оролцохгүй гэж ойлгож болно. Манай аймгийн хувьд энэ жил  35 тойргийн 41 мандат дээр өрсөлдөнө.

-Сумын сонгуулийн хороог хэзээ  байгуулсан бэ? Одоо хийж байгаа ажлуудаас дурдвал?  

-Сумдын сонгуулийн хороог наймдугаар сарын 11-ний өдөр 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Одоо сонгуулийн хороод хэсгийн хороодоо байгуулахаар ажиллаж байна. Есдүгээр сарын 4-нд сумын сонгуулийн хорооны дарга, нарын бичгийн дарга нарын сургалтаа зохион байгуулна. Тус сургалтаар энэ удаагийн сонгуулийн онцлог анхаарах асуудлыг хэлэлцэх, нэр дэвшигчдийн бүртгэл дээр юуг анхаарах чиглэлээр зөвлөгөөнүүд өгч ажиллана.

-Сонгуулийн санал хураалт болох хугацааг иргэд тэр бүр мэдэхгүй байх шиг байна?

-Орон нутгийн сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 15-нд болно. Хуульд заасны дагуу бүх нийтээр амарч сонгуульдаа оролцоно. Сонгогчдын хувьд сонгуулийн санал өгөх хэсгийн хороо болон сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн эсэхээ цаасаар, цахимаар шалгах боломжийг төрийн байгууллагууд ханган ажиллаж байгаа.

 -Зөөврийн саналын хайрцгаар саналаа өгч болох уу?

-Сонгогч зөөврийн саналын хайрцгаар саналаа өгч болно. Гэхдээ шалгуурыг хуульчилж өгсөн байгаа. Тиймээс иргэд хуулиа уншиж судалсан байгаасай гэж хүсэж байна. Сонгуулийн хорооноос энэ талаарх сурталчилгаа болон мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хүргэх болно

-Ярилцсанд баярлалаа.

 

相关新闻