Орон нутгийн иргэд өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог жижиг зээлд хамрагдаж, өрхийн үйлдвэрлэл бий болгосон зарим иргэнтэй уулзлаа.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас орон нутгийн иргэдийг
өрхийн болон хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, бүлгээр үйл ажиллагаа
явуулах, нөхөрлөл хоршоо, аж ахуйн нэгж байгуулах, ажлын байр шинээр бий болгох
боломж бүрдүүлэх зорилгоор жилийн 7.2 хувь, сарын 0.6 хувийн хүүтэй жижиг зээл
олгодог. Уг зээлийг аймгийн Хөдөлмөр
халамжийн үйлчилгээний газартай байгуулсан гэрээний дагуу арилжааны банкаар
дамжуулан олгодог аж.
Өнгөрсөн 2017-2019 он буюу гурван жилийн хугацаанд жижиг зээл олгох арга хэмжээнд нийт 180 иргэн, аж ахуй нэгж хамрагдаж, 1.892.4 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Үүний үр шимийг бодитоор хүртэж, шаргуу хөдөлмөрлөж яваа Ховд аймгийн Дөргөн, Чандмань сумын зарим иргэнтэй уулзав.
Ө.Сайнхүү: Ажлын байраа өргөжүүлэхээр зорьж байна
Дөргөн
сумын иргэн Ц.Түмэнбаярын гэр бүл 2018 онд ажлын байраа өргөтгөх зорилгоор
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог жижиг зээлд хамрагдаж, зургаан сая
төгрөгийн санхүүгийн дэмжлэг авчээ.
Түүний гэргий Ө.Сайнхүү
1985 онд оёдолчин мэргэжил эзэмшиж, гэрийн нөхцөлд оёдлын үйлчилгээ үзүүлж
ирсэн. Эдний оёдлын цех нь монгол дээл, орчин үеийн загварын чиг хандлагыг
дагасан хувцас урладаг юм. Цаашид ажлын байраа өргөжүүлэх, тоног төхөөрөмж
нэмэгдүүлэх, материалын нөөц бүрдүүлэх зэрэг зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Иргэн Ө.Сайнхүү жилд дунджаар 8-10 сая төгрөгийн хувцас урлаж, зах зээлд борлуулах замаар өрхийн орлогоо нэмэгдүүлж байгаа аж. Тэрбээр сумынхаа тэргүүний хувиараа хөдөлмөр эрхлэгч гэдгээрээ онцлогтой.
Ч.Анхбат: Өрхийн үйлдвэрлэлийг өргөжүүлэн “цех” байгуулна
Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн иргэн Ч.Анхбатын
тухайд 2019 онд жижиг зээл олгох арга хэмжээнд хамрагдаж, 15 сая төгрөгийн зээл авчээ. Улмаар дөрвөн үхэр худалдан авсан бөгөөд сүү, сүүн
бүтээгдэхүүн боловсруулан орон нутагтаа борлуулж, өрхийн орлогоо нэмэгдүүлж байна.
Нэг үхрээс өдөрт
дунджаар 12 литр сүү авч байгаа бөгөөд литр сүүг 2500 төгрөгөөр борлуулж
байгаа аж. Нутгийн иргэд
таатай хүлээн авч байгаа тул борлуулалтын асуудалд санаа зовдоггүй. Тэд гэрт маань
ирээд сүү аваад явдаг. Хичээж, хөдөлмөрлөж, олонтой санаа сэтгэл
нэгдэж явахад боломж бий гэдэгт итгэж байна. Цаашид малын гаралтай
бүтээгдэхүүнд тулгуурласан өрхийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх замаар цех
байгуулахыг хүсдэг гэж
иргэн Ч.Анхбат ярьж байлаа.