Халаасны цаг 3 сая гаруй долларын үнэд хүрэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-05-17 11:43:48

ЖЕНЕВ./TASS/. Дэлхийн анхны мэдээллийн агентлаг болох  “Гавас” /одоогийн Франс Пресс/-ыг үүсгэн байгуулагч Шарль-Луи Гавасын /Charles-Louis Havas/ хэрэглэж байсан халаасны цаг даваа гарагт Женевт болсон дуудлага худалдааны явцад 3,245 сая швейцарь франк буюу 3,3 сая долларын үнэд хүрсэн байна. Энэ тухай Christie's дуудлага худалдааны ордноос мэдээлэв.

Уг халаасны цаг нь "Брегет" (Breguet) маркийнх бөгөөд Гавас түүнийг 1817 онд тухайн үедээ асар их мөнгө буюу 4,8 мянган франкаар худалдан авч байжээ. Гавасыг нас барсны дараа түүний өв залгамжлагчид халаасны цагийг нь Их Британийн эрдэмтэн, цаг цуглуулагч Дэвид Саломонс-д худалдсан аж. Нэлээд хэдэн жилийн дараа 1963 онд уг цагийг Португалийн нэгэн цуглуулагч асар өндөр үнээр худалдан авсан байна. Улмаар хоёр ч удаа гар дамжин зарагдсаны эцэст даваа гарагт Christie's ордноос зохион байгуулсан дуудлага худалдааны өмнөхөн 600 мянгаас 1,2 сая франкаар үнэлэгдэж байв. Энэхүү гайхамшигт цаганд цагийг тэгшитгэх механизм ашигласан байдаг нь түүний гол онцлог гэнэ. Өөрөөр хэлбэл, орон нутгийн цаг болон нараар тооцоолох бодит цагийн хоорондох зөрүүг харуулдаг байсан гэсэн үг. 

Шарль-Луи Гавас (1783-1858 он) Францын нэгэн банкны эзэн байсан бөгөөд орчуулагч, сэтгүүлч зэрэг ажлыг ч мөн хийж байжээ. 1832 онд “Гавасын орчуулгын товчоо”-гоо байгуулж, гадаадын хэвлэлүүдэд гарсан материалуудыг орчуулан түгээж эхэлжээ. 1835 онд уг товчоо “Гавас” агентлаг болон өргөжиж, улмаар Европ тивд бүхэл бүтэн сүлжээтэй болсон байна. Тус агентлаг 1854 онд дэгдсэн Крымийн дайны талаар хамгийн түрүүнд мэдээлж байжээ. 

1944 онд “Гавас” агентлагийн буурин дээр өнөөгийн Франс Пресс агентлаг байгуулагдсан юм.

Д.Нямтулга

相关新闻