Хонины ноосноос ноолуур гаргаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн «Аватекс-Кайнар-Ноос» компани хонины ноосыг самнан цайвар өнгийн ноолуур гаргаж Европын орнуудад гаргадаг боллоо.
-1969 онд суурь нь тавигдсан манай ноос боловсруулах үйлдвэр өнгөрсөн жил зогсонги байдалтай байснаа энэ оноос дахин сэргэлээ. Энэ онд Латви Улсад 1500 тонн ноос гаргахаар боллоо. Баруун таван аймгаас хонь, тэмээний ноос авч, ноосыг угааж гадаад орнуудад экспортлохын хажуугаар ноосыг зулах, эсгий боловсруулах, нэхмэлийн үйлдвэрлэл явуулж байна. Мөн улаан хонины ноосыг самнан цайвар өнгийн ноолуур гаргаж Европын орнуудад гаргадаг боллоо гэж тус компанийн захирал С.Хидирпатша ярилаа.
Эднийх хонь, тэмээг ноослох энэ үеэр ноос чөлөөтэй авч эхэллээ. Манайх Монголын ноос боловсруулах холбоогоор баталгаажсан компани, ноос хүлээн авдаг итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө аймаг, сумуудад илгээх гэж байна. Тэд ноос хүлээж аваад малчдад баталгаатай падаан өгөх бөгөөд малчид түүнд тамгаа дараад регистрийн болон банкан дахь дансны дугаараа өгнө. Ингэснээр нэг кг тэмээний ноосонд хоёр мянга, хонины ноосонд мянган төгрөгийн урамшуулал авах боломжтой болох ажээ.
Ш.Айзаря