Авто зогсоолыг орон сууцны эсрэг талд байгуулах ажлыг эхлүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг энэ жилээс орон сууцны байрнуудын гадна талд буюу орцны эсрэг талд авто зогсоол хийх ажлыг эхлүүллээ. Орон сууцны байруудын дотор талд авто зогсоол, ногоон байгууламж, тоглоомын талбайг нэг дор төвлөрүүлэн барьдаг жишиг одоогоор манай улсад үйлчилж байгаа. Энэ нь хүүхдүүд, оршин суугчдын тохь тух, аюулгүй байдалд шууд нөлөөлдөг гэхэд болно.
Орон сууцны
Бумбат хороолол, 13 дугаар байрны ар талд авто зогсоол хийж, гэрэлтүүлэг,
камержуулалт суурилуулж, төв замтай холбогдсон гарцтай байхаар төлөвлөн ажилдаа
оржээ. Цаашид шинээр баригдах барилгуудад энэ шаардлагыг тавина гэж Дорнод
аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн онцлов.
Хуучин нийгэмд хувийн өмч гэдэг ойлголт
байгаагүй үед зөвхөн айл нүүлгэх, түр зогсох зориулалтаар тавигдсан зам,
зогсоолууд өнөөдөр ачааллаа даахгүйд хүрээд байна. Гэтэл өнөөдрийн нийгэмд нэг
айлд хоёр машинтай байх тохиодол ч элбэг болсон. Энэ мэтчилэн зохицуулалт
хийхийн тулд “Орчны тохижилтын журам”-ыг шинэчилж батлуулахаар төлөвлөж, Хууль
зүйн яаманд эрх зүйн актыг бүрдүүлж зөвшөөрөл авахаар ажиллаж байна. Түүнчлэн “Барилгын
тухай хууль”-д эзэмшил газрынхаа 70 хувьд барилга, 30 хувьд тоглоомын талбай,
ногоон байгууламж хийнэ гэж заасан байдаг нь өнөөдрийн нөхцөл байдалтай хол
зөрсөн заалт юм. Өөрөөр хэлбэл, таван давхар барилгад амьдарч байх үеийн хэмжээ
хувиарлалт арав, хорин давхар барилга баригдаж байгаа энэ үед мөрдөгдөж
байгаагаас асуудал үүсч байна. Тиймээс эхний удаад аймгийнхаа хэмжээнд энэ талаар журам
гаргаж мөрдүүлэхээр шийдвэрлэжээ.