Нурсултан Назарбаевын зээ хүү нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-17 15:26:20

НУР-СУЛТАН. /zakon.kz/. Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын зээ хүү, тус улсын сенатын дарга асан Дарига Назарбаевын хүү Айсултан Назарбаев 29 насандаа Лондонд нас баржээ.


Түүний нас барсан шалтгааныг тодруулж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар зүрх нь зогссоны улмаас нас барсан гэж таамаглаж байгаагаас өөр тодорхой мэдээлэл байхгүй аж.


“Бидний хайрт хүү Айсултан нас барсан учир манай гэр бүл гүнээ эмгэнэн гашуудаж байна. Энэ хүнд хэцүү өдрүүдэд олон нийт бид бүхэнд нөхөж баршгүй гарз тохиосныг ойлгож, хүндэлнэ гэж найдаж байна” хэмээн Дарига Назарбаева “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Айсултан нь Нурсалтан Назарбаевын том охин Дарига Назарбаевын хүү юм. Түүний эцэг Рахат Алиев Үндэсний аюулгүй байдлын хорооны тэргүүн дэд дарга, Казахстанаас Австрид суугаа элчин сайд зэрэг албан тушаалыг хашиж байснаас гадна Нурбанкны гол хувьцаа эзэмшигчдийн нэг байжээ. 2007 онд түүнийг Нурбанкны дарга асан Абильмажин Гилимов, орлогч дарга Жолдас Тимралиев  нарыг хулгайлсан хэрэгт буруутгажээ. Хэсэг хугацаанд Австрид амьдарч байх хугацаанд нь түүнд улс төрийн орогнол олгосон байна. Хожим нь тэрбээр Казахстаны эрх баригчдын хүсэлтээр баривчлагдаж, шоронд хоригдсон ба 2015 онд шоронд нас баржээ. 

相关新闻