ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг авч эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас 2021 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын санал асуулгыг утсаар болон цахимаар хүлээн авч эхэллээ.
Уг асуулгад тус аймгийн 18 сум, хоёр тосгоны насанд хүрсэн иргэн бүр хамрагдан өөрийн сум багийн хөгжил, бүтээн байгуулалтад саналаа өгөх боломжтой юм. Иргэд саналаа 7048-1111 дугаарын утсаар 9424-4270 дугаарт мессэжээр, “ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР” фэйсбүүк хуудсаар, urgudul@govi-altai.gov.mn и-мэйл хаягаар тус тус өгч болох ажээ.
ОНХС-гийн хөрөнгө оруулалт аймаг, сум бүрт хүрч бүтээн байгуулалт хийгдэж, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн байдаг. Уг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг жил бүр цаасан хэлбэрээр авдаг байсан бол сүүлийн жилүүдэд тус аймгийн ЗДТГ-ын санаачилгаар цахимаар саналаа өгөх боломжтой болсон юм.