“Сэлэнгэ-2020” хээрийн сургуулийн II шатны төлөвлөлтийн хурал болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс болон ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан
“Сэлэнгэ-2020” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн II шатны
төлөвлөлтийн хурлыг өчигдөр цахимаар зохион байгуулжээ.
Тус хурлыг Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын талаас “Дорнод” цэргийн тойргийн командлагчийн орлогч, дэслэгч генерал С.М Севрюков нар удирдаж, зургаан сэдвийн хүрээнд ярилцлаа.
Бригадын генерал Л.Онцгойбаяр “Манай хоёр улсын нөхөрлөл, цэргийн хамтын ажиллагаанд томоохон байр суурь эзэлдэг “Сэлэнгэ-2020” сургуулийн хоёрдугаар шатны төлөвлөлтийн хурал Монгол Улсад өнгөрсөн зургаадугаар сард зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байсан ч дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас хойшилж, цахимаар явагдаж байна. Угтаа бид II шатны төлөвлөлтийн хурлыг зохион байгуулах бүх бэлтгэлийг хангасан байсныг дуулгах нь зүйтэй байх” хэмээв.
Энэ үеэр хамтарсан сургуулийн сэдэв, зорилго, үе шат, явагдах цаг хугацаа, боловсруулах асуудлыг бататгаж, оролцох бүрэлдэхүүний тодотгож, сургууль зохион байгуулах газар орныг тодорхойллоо.Мөн хамтарсан сургуулийн бодлого, төлөвлөгөөнд тусгагдах саналыг харилцан солилцсоны зэрэгцээ цар тахлын нөхцөл байдлаас хамаарах асуудлын талаар ч ярилцсан байна.
Бригадын генерал Л.Онцгойбаяр “Монгол УОК-ын шийдвэрээр 8 дугаар сарын 31 хүртэл хил
хаасан. Цаашид УОК-ын шийдвэр хэрхэн
гарахаас хамтарсан сургууль болох цаг хугацаа, тээвэрлэлтэд бага зэрэг өөрчлөлт
гарахыг үгүйсгэхгүй гээд Монгол Улсын талаас сургуулийн бэлтгэл ажлыг хангаж
буйгаа танилцуулсан юм.
Энэ жилийн сургууль ОХУ-ын нутаг дэвсгэрт “Терроризмын эсрэг хамтарсан ажиллагаанд бэлтгэх, хууль бус зэвсэгт бүлэглэлийг хөрш орны Зэвсэгт хүчний байлдааны салбаруудын болон тактикийн агаарын десанттай харилцан ажиллагаатайгаар бүслэн хааж устгах” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах төлөвлөгөөтэй бөгөөд сургуулийн гуравдугаар шатны төлөвлөлтийн хурлыг ирэх 9 дүгээр сард зохион байгуулахаар тохиролцсон байна.
Хуралд Монгол Улсын
Зэвсэгт хүчнийг төлөөлж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын
Материал техникийн хэлтсийн дарга, хурандаа Д.Батзориг, Цэргийн сургалт, соёл
хүмүүжлийн хэлтсийн сургалтын ахлах офицер, хурандаа Ш.Гэрэлт-Од, Артиллерийн
тагнуулын офицер, дэд хурандаа С.Ганбаяр, Материал техникийн хэлтсийн зэвсгийн
ашиглалтын офицер, дэд хурандаа Э.Хадбаатар нар оролцсон. ОХУ-ын Зэвсэгт
хүчнийг төлөөлж, “Дорнод” цэргийн тойргийн Тээврийн хангалтын удирдлагын газрын
дарга, хурандаа Э.Б Майоров, “Дорнод” цэргийн тойргийн Цэргийн олон улсын
хамтын ажиллагааны тасгийн дарга, ахмад М.С Чикунов, “Дорнод” цэргийн тойргийн
биеийн тамир спортын мэргэжилтэн, дэд хурандаа В.С Белоус, “Дорнод” цэргийн
тойргийн Цэрэг-улс төрийн удирдлагын газрын тасгийн дарга, хошууч О.А Чигасов
нарын бүрэлдэхүүн оролцсон юм.