Б.Ууганбаяр: Гадаадаас ирсэн иргэдийн тоо өмнөх сарынхаасаа 54 хувиар өссөн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-24 14:20:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу энэ сард гадаадаас татан авсан иргэдийн тоо өмнөх сарынхаасаа 54 хувиар өссөн байна. Ирэх сард дахин 21 хувиар нэмэхээр төлөвлөж буйг УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр мэдээлэв.


Тэрбээр “Энэ сард тусгай нислэгээр нийт 3397 иргэнээ гадаадаас авч байгаа. Мөн Алтанбулаг, Замын-Үүдийн боомтоор 418 иргэнийг аваад байна. Мөн Афганистанаас энхийг сахиулагчдаа авахаар төлөвлөөд байна. Ингээд нийт 4448 иргэнээ энэ сард авах бөгөөд энэ нь өмнөх сарынхтай харьцуулбал 58 хувиар өссөн үзүүлэлттэй юм” гэлээ.


Өнөөдрийн байдлаар нийслэлд тусгаарлах байранд 2197, орон нутагт 557 иргэн байна. Харин гэрийн тусгаарлалтад 1630 хүн байгаа аж. Нийслэлд ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг, сувиллын зориулалттай 3 газар, 25 зочид буудал 25, 2 амралтын газар, орон нутагт 18 зочид буудал, 4 эмнэлэг, 2 сувиллын газрыг тусгаарлах байр болгон ашиглаж байна.


УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, “Иргэдийг богино хугацаан, шахуу нислэгээр авч байгаа тул хүмүүс тусгаарлах байрныхаа төлбөрийг төлж амжихгүй онгоцонд сууж байна. Олон нийтийн сүлжээнд төлбөрөө төлснийхөө дараа онгоцонд сууж байна гэсэн ташаа мэдээлэл гарсан. Өнөөдрийн байлаар иргэд тусгаарлах байрны төлбөр болох 90 сая орчим төгрөгийг төлөөгүй байна. Замын-Үүд боомтоор орж ирсэн зарим иргэн төлбөрөө төлөх боломжгүй учраас ажил хийх болсон. Үүнтэй ижил олон арга хэлбэрээр төлбөрийг барагдуулахаар ажиллаж байна” хэмээв.


УОК-ын шийдвэрийн дагуу энэ сарын 20, 21-нд Сөүл, Токиогоос тусгай нислэгээр ирсэн иргэдийн нэрсийг тухайн оронд сууж буй ЭСЯ-ны байранд нийтэд ил тавих болжээ. Мөн энэ сарын сүүлээр үйлдэх Франкфурт, Сөүл, Сиднейн тусгай нислэгээр ирэх иргэдийн нэрсийг мөн нийтэд ил болгох юм.


Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻