НҮБ-ын Хүүхдийн сангийн ажлын багийнхан Говь-Алтай аймагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Спесиоз Хакизиманагаар ахлуулсан ажлын баг Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Хөхморьт суманд хяналт, үнэлгээний чиглэлээр ажиллалаа.
Ажлын багийнхан орон нутгийн удирдлагуудтай уулзсанаар Говь-Алтай аймаг дахь ажлаа эхлүүлсэн байна. Уулзалтыг нээж тус аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр үг хэлсэн бол Статистикийн хэлтсийн дарга Д.Тунгалаг Орон нутгийн нийгэм, эдийн засгийн танилцуулга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Алтайбаатар “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хэрэгжилт, Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөрийн орон нутгийн зөвлөх М.Эрдэнбилэг Ус хангамж, эрүүл ахуйн хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулж санал солилцсон юм.
Мөн үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Спесиоз Хакизимана хөтөлбөрийн хэрэгжилт, агаарын бохирдлын асуудлыг төлөвлөгөөнд оруулах, орон нутгийн холбогдох бодлого хөтөлбөрүүдэд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй асуудлыг тусгахад дэмжлэг үзүүлэх талаар мэдээлэл хийлээ.
Уулзалтын төгсгөлд НҮБ-ын Хүүхдийн сангийн Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөрийн санхүүжилтээр хийсэн Баяншанд багийн ухаалаг худаг, Нэгдсэн эмнэлгийн нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, долоодугаар сарын 04-нд Хөхморьт суманд хяналт, үнэлгээний чиглэлээр ажиллалаа.
НҮБ-ын Хүүхдийн сангийн “Усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөрийн хүрээнд тус аймагт 23 төрлийн ажил хийхээр төлөвлөснөөс 4 ажлыг нь бүрэн дуусган улсын комисст хүлээлгэн өгөөд байгаа бол 15 нь гүйцэтгэлийн, үлдсэн нь тендерийн шатандаа явж байгаа аж.