Б.Цэрэнням: Хийснийг хүндэлж, хотоо хайрлая!

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-07-03 17:09:14
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан шинэ санаа, сайн туршлага шалгаруулах уралдаанд Дундговь аймгийн ОБГ нэгдүгээр байрт шалгарчээ.

Тус уралдааны тухай тодруулахаар ОБГ-ын Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннямтай ярилцлаа.


-ОБЕГ-аас салбаруудынхаа дунд орон нутагт хэрэгжүүлсэн шинэ санал, санаачилгын уралдаан зарлаж, аймгийн ОБГ түрүүлсэн байна. Энэ уралдаанд ямар үйл ажиллагаагаагаа танилцуулж оролцсон бэ?

-Ерөнхий газраас Онцгой байдлын орон нутгийн хэвлэл мэдээлэл сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүдийн дунд хоёр жилд нэг удаа ур чадварын шалгалт авч, түвшин тогтоодог.

Энэ жилийн түвшин тогтоох үйл ажиллагаа өнгөрсөн зургаан сарын дундуур болж, энэ үеэр сургалт хариуцсан мэргэжилтнүүдийн дунд орон нутагт өрнүүлсэн шинэ санал, санаачилга, бусад аймагт хэрэгжүүлж болохуйц сайн туршлагын уралдаан зарласан.

Энэ уралдаанд манай ОБГ-аас гурван бүтээл явуулсан. Орон сууцнуудад гал унтраагуур байрлуулсан туршлага, алба хаагчдын дунд зохион байгуулсан “Үлгэрээ өвлүүлье”, “Тоглоомоо өвлүүлье” хоёр уралдааны материалаа явуулсан.

Тэгээд энэ оролцсон бүтээлүүд маань бусад аймагт хэрэгжих тэргүүн туршлага болж, шалгарсан байгаа.

-Энэ гурван үйл ажиллагаагаа арай илүү тодруулж өгөөч, зөвхөн танай салбарын ажилтнууд гэлтгүй бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэдэд ч гэсэн туршлага болох байх.

-Манай байгууллагын онцлог бол ард иргэдийг аюул, эрсдэл, гамшиг, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх, аюул осол болсон тохиолдолд аль болох хохирол багатайгаар даван туулахад чиглэдэг.

Гамшгийн эрсдэлийг бууруулах гол бодлого бол иргэдийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх явдал. Энэ бол миний болоод манай хамт олны гүйцэтгэх гол ажил. Тиймээс манай байгууллагын зүгээс санаачилж орон сууцанд гал унтраагуур байрлуулсан.

Гал унтраагуурыг “та нар байрлуулах ёстой” гэж хэлээд шаардах, стандартын дагуу ингэж байрлуулж, ингэж ашиглах ёстой гэдгийг хэлээд зааж сургах хоёрын хооронд маш их зөрүү байдаг.

Хэдийгээр энэ ажил маань санаачилгын түвшинд хэрэгжсэн ч гэсэн цаашдаа иргэдийн өөрсдийнх нь оролцоонд тулгуурлаж хэрэгжих ёстой юм. Тиймээс галын аюулаас хамгаалахын тулд гал унтраагуур иргэдийн өөрсдийнх нь гарт ойр байж, түүнийгээ өөрсдөө ашиглаж чаддаг байх нь иргэдийн оролцоотойгоор аюул, эрсдэлийг бага хохиролтойгоор даван туулах боломжийг бүрдүүлж байна гэсэн үнэлгээг авсан.

Нөгөө хоёр ажил маань алба хаагчдын дунд зарласан “Үлгэрээ өвлүүлье, “Тоглоомоо өвлүүлье” хоёр уралдаан байсан. Энэ уралдааны шилдэг бүтээлүүдийг бид шинэ санаа болгож Ерөнхий газраас зарласан уралдаанд явуулсан.

Ер нь бага насны хүүхдүүдэд гал түймэр болон бусад аюул ослоос хэрхэн хамгаалах талаар хэчнээн ч яриад тэд хүлээж авдаггүй. Тиймээс үлгэрийн баатруудыг амилуулах, хөлөгт тоглоомын зургуудаар дамжуулаад тэдэнд үүнийг ойлгуулах боломжтой болж байгаа юм.

Тухайлбал, 1-2 дугаар ангийн хүүхдүүдэд тэдний унших чадварыг давхар нэмэгдүүлэх, аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгийг олгох, эсвэл бүр сургуулиас өмнөх насныханд зориулсан зурагт хуудас бүхий хөлөгт тоглоомыг ашиглавал тэдэнд илүү хүрдэг.

Мөн “Үлгэрээ өвлүүлье” уралдаанд ирсэн шилдэг бүтээлүүд маань бас өндөр үнэлэгдсэн. Үлгэрүүдийг багцлаад үлгэрийн ном болгож, мөн СD хэлбэрээр гаргаад, үлгэрийн баатруудыг нь ширээний театр хэлбэрээр жүжиг болгож оролцсон.

Энэ маань мөн л хүүхдүүдэд аюул ослоос хэрхэн хамгаалах талаар ойлголт өгөх зорилготой юм. Тухайлбал, Галхүү, усхүү гэсэн үлгэрээр манай алба хаагчид жүжигчилсэн тоглолт хийж, хүүхдүүдэд үзүүлсэн. Хүүхдүүдэд тэдний сэтгэхүйн онцлогт таарсан  жүжигчилсэн хэлбэрээр өөрсдийнх нь таньдаг үлгэрийн баатруудад хувирч, ингэж танилцуулах нь маш үр дүнтэй байдаг юм.

-Уралдаанд хэдэн салбар, байгууллагын мэргэжилтнүүд оролцсон бэ?

-Нийслэл, дүүрэг, 21 аймгийн 50 гаруй мэргэжилтэн байдаг. Манай аймаг түрүүлж, Дархан аймгийн ОБГ удаах байрт орсон.

-Чиний хувьд өмнө ТББ-д ажиллаж байсан. ОБГ-т мэдээллийн ажилтан болоод чамгүй хугацааг өнгөрүүлсэн байна. Ажлынхаа онцлогоос яриач, цэргийн байгууллагад мэдээллийн ажилтан байх, төрийн бусад байгууллагад мэдээллийн ажилтан байх хоёрын хооронд ялгаа байна уу?

-Заа нэг их ялгаа байхгүй юм болов уу даа. ОБГ-т ажиллах нь цэргийн зохион байгуулалттай байдаг болохоор илүү дэг журамтай байдаг байх.

Энэ байгууллагад анх 2013 онд орж байсан. 7 жил мэдээлэл, сургалт сурталчилгаа хариуцаад ажиллаж байна.

ОБГ-т ажилласнаараа ажил төдийгүй амьдралдаа ч гэсэн эмх цэгцтэй байхыг сурч байна. Мэдээллийн ажилтан гэдэг утгаараа үргэлж л шинийг хайж, шинийг санаачилж байх ёстой гэж боддог.  

Хүн ямар ч ажил хийсэн бай, тэр ажил чамаас үнэртдэг байх ёстой гэдэг шүү дээ. Тэгэхээр аль ч байгууллагад мэдээлэл, сурталчилгаа хариуцаад ажилласан бай адилхан л шинэ зүйлийн төлөө тэмүүлж, иргэдэд үйлчилгээгээ үзүүлж байх ёстой л гэж боддог.

-Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтний хувьд ажлынхаа үр дүнгээс товчхон ч атугай танилцуулаач. Аймгийн ОБГ-ын хувьд маш олон ажлыг санаачилж, байгууллагынхаа гадна, дотор талыг тохижуулж, хаанаас нь ч харсан эзэнтэй байгууллага шиг харагддаг.

-Манай байгууллагын хувьд энэ оны эхний хагас жилд л гэхэд Гамшгаас хамгаалах ангиллын сургалтыг 8700 гаруй хүнийг хамруулан 122 удаа зохион байгуулсан байна. Сургалтуудыг Удирдах бүрэлдэхүүн, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, оюутан сурагчид гэсэн ангиллаар явуулдаг.

Урьдчилан сэргийлэх найман удаагийн нэгдсэн арга хэмжээнд 259 өрх, 10700 гаруй иргэн хамрагдсан байна. Энэ бүх үйл ажиллагааг сурталчилж, таниулах үүрэг бол миний гүйцэтгэх ёстой ажил.

Энэ том тоо, том ажлын ард гарна гэдэг бол багийн л ажиллагаа, манай хамт олон бүгд л оролцож гүйцэтгэдэг. Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа маань манай удирдлага, бусад ажилтнуудын дэмжлэг дээр тулгуурлаж л явдаг гэсэн үг.

-Өөрийг чинь харж байхад зөвхөн ОБГ-ын ч гэлтгүй “Монгол хүн байна даа” аяныг санаачилж, фэйсбүүкийн админуудтай хамтраад хэд хэдэн нөлөөллийн үйл ажиллагаа явууллаа. Хамгийн сүүлд Бүжгийн талбайг засч тохижуулсан. Түүнийгээ үргэлжлүүлж, хотын өнгө үзэмжийг сайжруулах ямар ажлуудыг хийх вэ?

-Энэ бүжгийн талбайг 10 жилийн өмнө байгуулсан. Гэтэл яагаад энэ талбай эвдэрч, балгас шиг болов гэдэг дээр сэтгэл минь зовж, эмзэглэж явдаг.

Бид наймуулаа нийлээд анх “Монгол хүн байна даа, маскаа зүүцгээе” аяныг эхлүүлсэн. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх мессежийг иргэдэд өгөх зорилготой байсан.

Тэгээд уриалга гаргах, өндөржүүлсэн бэлэн байдлын үед гэртээ харьж чадахгүй эргүүл, жижүүр хийж байгаа алба хаагчдын ар гэрт туслах, талбайг ариутгах, угааж, цэвэрлэх гэх мэт нөлөөллийн үйл ажиллагааг явуулсан.

Одоо эргээд харахад хотын маань өнгө үзэмж гундуу байна, хаа сайгүй эвдэрч хэмхэрсэн тоглоомын талбай, хашаа, хайс байна.

Яагаад зүгээр байгаа юмыг, бүтээчихсэн юмыг хүмүүс ингэж эвдэж сүйтгэдэг байж, өөрсдөө засч, сайжруулж болохгүй байх вэ дээ. Энэ чинь л иргэдийн оролцоо биз дээ?

Тэгээд л бид "Хийснийг хүндэлье, хотоо хайрлая" нөлөөллийн ажлыг эхлүүлсэн. Хүн суух ч сандалгүй болтол нь л эвдчих юм. Энэ ажлаа бид хийгээд дууссан хэдий ч хаяг, гэрэлтүүлэг хиймээр байна. Бас энэ цэцэрлэгт хүрээлэнд байгаа хүүхдийн тоглоомуудыг засч янзална.

Мөн “Залуусын төгөл”-ийн гэрэлтүүлгийг сайжруулахын тулд зураг төсвөө гаргаад хандивын аян өрнүүлж байна. 2,5 сая гаруй төгрөг хэрэгтэй байгаа. Энэ сардаа бид нар хийгээд дуусгачих байх аа. Тэгээд иргэдийн хандлагад нөлөөлөх ажлуудыг хийнэ гэж бодож байгаа.

Эцэст нь иргэддээ хандаж, нийтийн өмчийг өөрийнхөө өмч шиг л хайрлан хамгаалж байгаарай гэж уриалмаар байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

相关新闻