ОХУ-ын Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаарх санал асуулгын саналын хуудсыг 100 хувь тоолж дуусжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-07-02 16:19:44

МОСКВА. /RIA Novosti/.  ОХУ-ын Сонгуулийн Төв Хороо /СТХ/  тус улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай бүх нийтийн санал асуулгын дүнг нэгтгэн танилцуулжээ.


СТХ-ны мэдээллээр, саналын хуудсыг 100 хувь тоолж дууссаны дараах байдлаар Оросын иргэдийн 77.92 хувь нь Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн бол 21.27 хувь нь эсрэг санал өгсөн байна. СЕХ-ны дарга Элла Памфиловагийн мэдээлснээр, улсын хэмжээнд санал асуулгын ирц 67.97 хувьтай байв.


Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх Бүх Оросын санал асуулгыг зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 1-ны хооронд явуулсан юм. Санал асуулгыг дөрөвдүгээр сарын 22-нд явуулахаар товлосон боловч коронавирусний цар тахлын улмаас долдугаар сарын 1-нд болгож хойшлуулсан бөгөөд халдварт өвчний нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан долоо хоногийн туршид явуулахаар шийджээ.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны нэгдүгээр сард Холбооны улсын Хуралд илтгэл тавихдаа тус улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг санал болгосон билээ. Үндсэн хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгч болон Засгийн газрын гишүүд, төрийн албан хаагчдад тавигдах шинэ шаардлагууд тусгагдсан байна. Үүнээс гадна, төрөөс иргэдэд олгож буй нийгмийн баталгааг бэхжүүлж, парламентын эрх мэдлийг өргөжүүлэх аж. 


相关新闻